“Миний нутаг Монгол хүрээ”-г танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

“Миний нутаг Монгол хүрээ”-г танилцууллаа

“Төрийн явдлын хороо, Жуулчлалын талхисаас нэрлэсэн

Хятад улсын ажнай хүлгийн нутаг Монгол хүрээ

Анхилам бузардалгүй тослог тарималын нутаг Монгол хүрээ” хэмээн шүлэглэсэн Хятадын Шинжааны Ил аймгийн Монгол хүрээ нутгийн зохиолч Да.Допаагийн “Миний нутаг Монгол хүрээ” номын баяр өчигдөр /2016.08.17/ боллоо.

Шинжааны Илийн Монгол хүрээнд өөлд монголчууд олноор амьдардаг бөгөөд эртний соёлыг хадгалсан ном судрын нутаг хэмээн нэрлэгддэг байна. Ийнхүү эртний ном судрын өлгий нутаг Шинжаанаас анх удаа крилл  үсгээр Энэхүү зохиолч Да.Допаагийн “Миний нутаг Монгол хүрээ” номыг хэвлэн гаргаж буй нь энэ ажээ.

Тус номын баярын үеэр Хятадын Шинжааны зохиолч Да.Допаа номын нөхөддөө баяр хүргэж, уран бүтээлийн дээжээ гарын үсгийн хамт дурсгаж байв.

Зохиолч Да.Допаагийн “Миний нутаг Монгол хүрээ” номыг монгол хэлнээ хөрвүүлсэн Д.Болдхуяг “Ил аймгийн Монгол хүрээ хотын яруу найрагч, зохиолч Да.Допаагийн “Миний нутаг Монгол хүрээ” хэмээх номын нээлт сайхан боллоо. Миний хувьд энэ номыг крилл бичигт буулгасан юм. Би өмнө нь ӨМӨЗО-ны зохиолчдын 20 гаруй номыг монгол хэлнээ хөрвүүлж байсан. Мөн  ӨМӨЗО-ны үе үеийн шилдэг 70 яруу найрагчийн зохиол бүтээлийг хэвлүүлж гаргасан. Энэ номын онцлог нь Шинжааны монголчуудын анхны бүтээл монголчуудад хүрч байгаа юм” гэв.


Номын баярын үеэр Хятадын Шинжааны Ил аймгийн Монгол хүрээ нутгийн зохиолч Да.Допаатай цөөн хором ярилцснаа хүргье.

Монголчуудад зориулан крилл үсгээр анхны номоо гаргаж буйд баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Би Хятадын Шинжааны Ил аймгийн Монгол хүрээ хотод үйлдвэр худалдааны товчоонд дэд эрхлэгчийн алба хашдаг. Миний бие 1988 онд Шинжааны Монгол багшийн сургуулийг төгссөн юм. Төрийн ажлын хажуугаар яруу найраг, уран зураг их сонирхдог. Одоогийн байдлаар өөрийн улсын сонин сэтгүүлд  шүлэг, өгүүллэг, найруулал зэрэг зохиол бүтээлээ нийтэлсэн. Мөн  намын сонин сэтгүүлд 3000 гаруй хувь мэдээний эх бичин илгээж, “Шинжааны өдрийн сонин” болон “Шинжааны ардын радио хороо”-ны шилдэг мэдээгээр шалгарч байсан юм. Өнөөдөр өөрийн “Миний нутаг Монгол хүрээ” номын баяраа хийж байгаад их баяртай байна.

-“Миний нутаг Монгол хүрээ” номынхоо талаар танилцуулахгүй юу?

-“Миний нутаг Монгол хүрээ” номонд өөрийн өгүүлэл, яруу найраг, дурсамж, радио кино жүжиг, түүх соёл, найруулал нийтлэл зэрэг зохиол бүтээлүүдээсээ түүвэрлэн оруулсан байгаа. Тиймээс энэхүү номноос миний нутаг Монголын хүрээний талаар нэлээд гүнзгий ойлголттой болно гэдэгт итгэлтэй байна.

-Шинжаанд монгол хэлнээ уран бүтээл туурвидаг зохиолчид олон байдаг уу?

-Манай нутагт монгол хэлнээ зохиол бүтээл туурвидаг зохиолчид олон бий. Дунд улс 1940 онд чөлөөлөгдөх үед манай нутагт Ма.Тогтох гэдэг нэртэй зохиолч гарч ирсэн. Үүнээс хойш Б.Пүрэвдорж, Б.Баянтухай зэрэг олон шинэ цагийн зохиолчид төрөн гарчээ.

-Таны дараагийн ямар уран бүтээл монголын уншигчдад хүрэх бол?

-Би цаашдаа кино жүжгийн зохиол болон түүхэн роман бичих төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү бүтээлүүдээ ч гэсэн монгол уран бүтээлчидтэй хамтран крилл үсгээр хөрвүүлж, монголынхоо ард түмэнд танилцуулах бодолтой байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж