“Монголд шарын шашны нөлөө хэзээ ч устахгүй”

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

“Монголд шарын шашны нөлөө хэзээ ч устахгүй”

Монголч эрдэмтдийн ээлжит XI их хурал ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвийн дор өрнөж байна. Гурав дахь хоногтоо үргэлжилж буй Монголч эрдэмтдийн хуралд нийтдээ 29 орны 400 гаруй эрдэмтэд, биет бус өвийг тээгч иргэд оролцож байна.

Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетын Монгол, Төвд судлалын тэнхимийн захирал Агата Бярея Стажиньскатай ярилцлаа. Тэрээр Монголч эрдэмтдийн ээлжит XI их хуралд Польш улсаас хүрэлцэн ирж, оролцож байгаа ажээ.


-Та монголоор их сайн ярих юм. Монголд хэд дэх удаагаа ирж байна вэ?

-Сайн байна уу? Би Монгол Улсад анх 1982 онд ирж байсан. Учир нь тухайн үед миний аав геологич хүн учраас Монголд ажиллаж байсан юм. Би тэр цагаас хойш монгол орныг илүү их судлахаар их сургуульд монгол хэлний ангийг сонгон суралцсан. Миний хувьд монгол хэлийг Польш улсад сурсан. Гэхдээ оюутан байхдаа 1986, 1987 онуудад Монголд ирж, монгол хэлний дадлага хийж байлаа. Түүнээс хойш судалгааны ажлаар Монголд цөөнгүй ирж, буцдаг болсон.

-Та 1980-иад оны эхээр Монголд анх ирж байжээ. Тухайн үеийн монголчуудын амьдралыг өнөөдрийнхтэй харьцуулбал ямар ялгаа гарч вэ?

-Энэ хугацаанд Монгол Улс маш их  өөрчлөгдөж, хөгжсөн байна. Тухайн үед Улаанбаатар хотын гудамжаар хааяа, хааяа нэг машин, автобус явдаг байсан. Заримдаа бүр танк явдаг байсан шүү./инээв/ Харин одоо Монголын хөдөө нутаг хүртэл маш их өөрчлөгджээ. Тэр үед экспидицийн ажлаар аавтайгаа Архангай, Өвөрхангай болон Дорноговь аймагт очиж байлаа. Миний хувьд Монголын үзэсгэлэнт байгаль, хөдөө нутаг, малчдын ахуй суурин соёл иргэншлээс их өөр гэдгийг мэдэрсэн. Мөн би анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдэд очиход огт өөр ертөнц намайг угтсан юм. Тэгээд энэ газар дахин ирэхдээ бурхан шашны талаар илүү гүнзгий судалж, мэдэхийг хүссэн учраас Монголын бурхан шашныг судлах болсон.

-Таны судалгааны ажлыг сонирхож болох уу. Монголын эрдэмтэн судлаачидтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Миний судалгааны гол сэдэв бол Монгол дахь бурхан шашин болон монголчуудын харилцааг шашны талаас нь судалдаг. Түүнээс гадна Польшийн алдартай монголч эрдэмтэн Владислав Людвигович Котвичийн архивт байгаа манай ахмад эрдэмтэн, судлаачдын хийж бүтээсэн эрдэм шинжилгээний ажлуудыг судалж, ном хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажлын хүрээнд Монголын шинжлэх ухааны академийн доктор, профессор С.Чулуунтай хамтран ажиллах бодолтой байна.

-Монгол хүмүүстэй холбоотой байдаг уу?

-Одоо монголчуудын амьдрал маш их өөрчлөгдсөн. Гэхдээ миний бодлоор монголчуудын нүүдэлчин ахуй соёл хэвээр хадгалагдаж байгаа нь гайхалтай. Монгол хүн хэрэв нэг хүнтэй танилцвал тэр хүнд итгэж, маш дотноор хүлээн авч, тусалдаг. Бараг нэг гэр бүлийн гишүүн нь юм шиг хүлээн авдаг хүмүүс.

-Сүүлийн үед Монгол Улсад гадны шашин ихэд дэлгэрэх болсон. Үүнд судлаач хүний хувьд байр суурьтай явдаг вэ?

-Би Норвеги улсын судлаач нартай хамтран Монголд хэд хэдэн удаа ирж судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаараа бид Монголын сүм хийдээр орж, бурхан шашин хэрхэн дэлгэрч, хөгжиж байгаа талаар судалсан. 1991 онд Монголд бурхан шашны сүм хийд бараг байсангүй. Гэтэл хэдхэн жилийн дотор аймаг, сум бүр бурхан шашны сүм хийдтэй болсон нь  үнэхээр сайшаалтай. Харин одоо монголчууд олон шашнаас нэгийг нь сонгон шүтэх, шашин шүтлэггүй байх зэрэг орчин цагийн хэв маягаар амьдарч байна. Мөн сүүлийн үед Монголд христийн шашны сүм ихээр бий болж байна. Гэхдээ би Монголд шарын шашны нөлөө хэзээ ч устахгүй гэж боддог. Монголчууд олон зууны турш шарын шашинтай салшгүй холбоотой байсаар ирсэн. Монголчуудын түүхийг судлахыг хүсвэл бурхан шашны уран зохиолыг заавал судлах шаардлагатай болдог. Заримдаа монголчууд бурхан шашнаа сайн мэдэхгүй, анхаарахгүй байгаа юм шиг санагддаг. Жишээ нь бурхны шашинд хийж болох, болохгүй үйлийг үл тоох, бурхан шашны нэр томъёо, үг хэллэгийг ямар утгатайг ч сайн мэдэхгүй байна. Тиймээс бурхны шашнаа сайн судлах хэрэгтэй.

-Польш улс Монголтой ахан дүүс холбоотой явж ирсэн. Хоёр орны түүхийг өгүүлэх сонирхолтой ямар  баримтууд байдаг вэ?  

Польш улсын Краков хотод алдартай монголч эрдэмтэн Владислав Людвигович Котвичийн архив бий. Энэ хүн 1912 онд Монголд очиж, ажиллаж байсан. Түүнээс өмнө 1911 онд монголчуудтай их холбоотой байсан юм билээ. Тэр үед Санкт-Петербург хотод Монголоос улс төрийн төлөөлөгчид очиж, тусламж хүссэнээр тусгаар тогтнолоо зарлаж байсан. Тиймээс тухайн үеийн улс төрийн харилцааны асуудлыг нарийн тайлбарласан, монгол оронтой холбоотой сонирхолтой баримт бичгүүд ч бий. Эдгээрээс улс төрчдийн илгээж байсан захианууд ч байгаа. Манай хоёр орны харилцаа 13 дугаар зууны үеэс эхэлсэн гэж хэлж болно. Монголчуудтай холбоотой нэгэн домгоос үүдэлтэй баяр Польш улсад болдог. Зургадугаар сард болдог энэхүү баярын өдөр өглөөнөөс орой хүртэл хотоор морьтой хүн явна. Тэрхүү морьтой хүн яг үнэнийг хэлэхэд татар монгол шиг харагддаг юм. Хотын олон газар очиж, бүжиг бүжиглэх зан үйлийг хийдэг. Харин түүнтэй таарсан хүн буянтай болдог гэж билэгшээдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж