Улаанбаатар хотын ундны усны асуудлыг зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын ундны усны асуудлыг зөвлөлдөж байна

Дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрхдэг ч нийт усны зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо гаргажээ. Манай улсын хувьд ч ундны усны хомсдол холгүйхэн ирснийг мэргэжилтнүүд сануулдаг. Тиймээс ундны усны асуудлыг хэлэлцэх “Усны ашиглалт хэрэглээг тоолууржуулах хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэлжээ. Зөвлөгөөнд Монгол Улсын усны нөөцийн талаар бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд оролцож буй юм.  Ерөнхий зохион байгуулагчаар Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Барилгачдын холбоо, “Дэд бүтэц инженеринг” ХХК, ОХУ-ын“Арзамасский приборостроительный завод имени П.И.Пландина” үйлдвэр ажиллаж байна. Мөн  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг  зохицуулах зөвлөл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ИТХ, Барилгын хөгжлийн төв, барилгын салбарын ТББ-ууд оролцож байна.

2010 онд Монгол Улсын Засгийн газар “Ус” үндэсний хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулсан юм. 2010 онд хэрэгжсэн хөтөлбөрийн нэгдүгээр үе шат 2015 онд дууссан бөгөөд хоёрдугаар үе шат нь 2016-2021 онд хэрэгжих эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  аж ахуйн нэгж байгууллагуудын 96.9 хувь, айл өрхийн 78.4 хувь нь усны тоолууртай болсон байна. Нийслэлийн хэмжээнд тоолуур тавиулаагүй байгаа 30 гаруй мянган айл өрхөө яаралтай тоолууржуулж амжихгүй бол Улаанбаатарчууд ундны цэвэр усны нөөцийнхөө 20 хувийг сул асгаж, урсгасаар байна. Улаанбаатар хотын ундны усны нөөц, ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг төрийн байгууллагуудын санааг зовоож байгаа энэ асуудлыг  хэрхэн шийдэх талаар олон улсын хурлаар зөвлөлдөж буй ажээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж