Дөрвөн минутад 100 сая бразили “Mongolia” гэж уншиж тогтоолоо
“Тамирчны ялалт хямдхан олдоогүй”-г дуулах,
“Увс нуур”-ыг дуулахын ялгаа
Хөлбөмбөгийн хаан Пеле өөрийн намтраа 1958 онд бичиж “Би-Пеле” нэртэйгээр ном болгож хэвлүүлсэн байна. Тухайн үеийн Бразил улсын иргэдийн олонхи нь бичиг үсэг огт мэддэггүй байж. Өөрсдийнх нь шүтээн, амьд домог болсон Пеле юу бичсэн нь бичиг үсэггүйчүүдийн хорхойг нь хөдөлгөлөө. Алдарт хөлбөмбөгчийн намтар номыг унших гэсэн “а”-ч үгүй арван сая хүн Бразил цагаан толгойн үндсэн 23, гадаад үгний W, Y, K, дээр нь өвөрмөц португали “сэдилья” гэсэн нийт 27 үсгийг эхний ээлжид нүдлэн тогтоож, улмаар уншиж бичиж сурчээ. Иймээс эх орондоо Пеле “хөлбөмбөгийн хаан” гэж шүтэгдэхээс гадна “соён гэгээрүүлэгч” гэж хүндлэгддэг эрхэм билээ.
Пелегийн номд юу бичсэнтэй танилцах явцад арван сая Бразил иргэн уншиж сурсантай агаар нэгэн адил “Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын финалын дөрвөн минутын барилдааныг үзэх зуурт сургуульд орсон балчраас өтөл насны 100 сая бразил Монгол Улсын тухай, хамгийн багаар бодоход нэрийг нь тогтоолоо. Цаашлаад зарим нь Мянганы хүмүүн их Чингис хааны тухай, дэлхийн зулай Эверэстэд гарсан Дэнзэн Норгай нь монгол гаралтай ширваа хүн байсан тухай, магадгүй энэ зуны УИХ-ын сонгуулиар МАН ялсан талаар мэдээлэл, мэдлэг нь баяжсан байж таараа.
“Рио-2016” олимп эхлээд гурав дахь өдрийн уралдаан тэмцээн үргэлжилж байхад зохион байгуулагч орны тамирчид алтан медаль аваагүй байсан үе. Наймдугаар сарын 8-нд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Рафаэла Силва манай Д.Сумъяа гавьяатыг дийлж түрүүлэн Бразилийн тамирчдаас анхлан олимпийн аварга болсон билээ. Риогийн анхны аварга, тэр тусмаа Бразили улсын түүхэнд гурав дахь эмэгтэй жүдоч олимпийн аварга болох эсэхийг шийдэх эгзэгтэй энэ финалыг нийт 100 сая бразил хүмүүн телевизээр (Эх сурвалж: Przegland sportowy. RIO 2016. Serwis specialny. Polska) үзсэн байна. Монголчууд бид л Сумъяа гэж дуудаад байгаа болохоос олон улсын жишгээр манай бөхийг овгоор нь Dorjsuren гэж нэрлэдэг. Түүний өмсгөл дээрх S.DORJSUREN-г 100 сая бразилаас тогтоож авсан нь тийм ч олонгүй байх. Харин Монгол, Монгол Улсын жүдоч гэдгийг бүгд тогтоосон нь зуун хувийн магадлалтай. Өөрсөд дээрээ жишээлж үзэхэд, уг финалын барилдааны ялалтыг буруу тийш эргүүлсэн дэвжээний шүүгчийн нэрийг ч, түрүүлсэн жүдочийн нэрийг бүтэн хэлж байгаа хүн төдий л олон тааралдахгүй байна. Гагцхүү Д.Сумъяаг ялагдуулсан шүүгч нь Японых, ялсан бөх нь олимпийг зохион байгуулагч Бразилиийнх гэдгийг бүгд ярьж, мэдэж байна.
Манай Д.Сумъяагийн финалын барилдаан нь энэ удаад бөмбөрцгийн 7.2 тэрбум хүмүүнд хандсан Монгол Улсын хамгийн том сурталчилгаа боллоо. Зоос хоёр талтай. Олимпид спортын амжилт гаргасны батламж болсон алт, мөнгө, хүрэл медаль “зоосны” нэг тал нь төлөөлсөн улсын сурталчилгаа, нөгөө тал нь тухайн тамирчны нэр алдрын сурталчилгаа байдаг. Монгол Улсын жүдогийн шигшээ багийн гишүүн байсан тамирчин бүсгүй Г.Отгонцэцэг Казахстан руу явж улмаар “Рио-2016”-д тус улсыг төлөөлөн барилдаж жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. “Зоос”-ны нэг тал нь Казахстан улсын сурталчилгаа учраас тус улсын Засгийн газраас олимпийн хүрэл медальтанд олгохоор урьд өмнө нь амласан 75 мянган ам.доллар, нэг өрөө байрны түлхүүр гардуулна.
Олимпийн наадмын медалийн үнэлэмж өвөрмөц стандарттай, медаль авч буй тамирчин ямар орныг төлөөлсөн, шагналын тавцан дээр зогсох мөчид нь аль улсын Төрийн далбаа өргөгдөж байгаа нь гол үзүүлэлт. Түүнээс биш сайхь тамирчин тухайн улс орны гол үндэстэн бус өөр ястан, орос, хятад, еврей, герман хүн байх нь огт ач холбогдолгүй. Ер нь хил хязгааргүй бөмбөрцгийн хэмжээний их спорт, улсын хилээр хязгаарлагдсан үндэсний спорт хоёр хоорондоо зарчмын асар их ялгаатай. Түүнийг дагаад хөгжөөн дэмжигчдийн хандлага ч тэс өөр. Жишээлбэл, 2011 онд Улсын баяр наадмын бөхийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн С.Мөнхбат 10 даван түрүүлж улсын аварга болсон. Тэгсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд хэсэгт Увсын голдуу наадамчид төрөлх аймгийнхаа сүлд дуу “Увс нуур”-ыг Төрийн наадмын хөтөлбөрт орсны дагуу нийт үзэгчдийн дуулж байсан “Халуун элгэн нутаг”-тай зэрэгцүүлэн дуулж наадмын хаалтын ёслолыг үймүүлээд байж билээ. Энэ бол үндэсний спорт.
Мөнгөн медалиараа Монгол Улсаа дуурсгасан Доржсүрэнгийн Сумъяа бас бөхийн Монгол орны бөхчүүдийн өлгий нутаг Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн жүдоч. Бөмбөрцгийн бөх сайхь жүдочид зориулан Монгол даяар хүмүүс тамирчдын сүлд дуу – “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”-г сэтгэлдээ болон амандаа аялж байна. Энэ бол их спорт. Аргентин улсын иргэн, хөлбөмбөгийн од Мессиг (эцэг, эх нь хоёул цэвэр итали) дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагнал гардахад италиуд тэмдэглэдэггүй, харин төрж өссөн Аргентин даяар хөөр баяр болдогтой агаар нэгэн адил билээ.
Манай улс дэлхийд ганцаараа олимпийн медальтнаа сар бүр шагнадаг
Хил хязгааргүй их спортын наадам-олимпод улсаа төлөөлөн оролцож медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн шагнал өгдөг журам дэлхий даяар уламжлал болон тогтсон. Зуны XXXI олимп “Рио-2016”-гийн тухайд гэвэл манай төр засаг түрүүлсэн аваргад 120 сая, мөнгөн медаль авбал 60 сая, хүрэл медаль хүртвэл 30 сая төгрөгийг нэг удаа шагнал болгон гардуулах юм. Харин хойд хөрш ОХУ олимпийн дэвжээнээ аваргалж алтан медаль авбал манай мөнгөөр 330 сая төгрөг (10 сая рубль), мөнгөн медальтанд 165 сая төгрөг (5 сая рубль), хүрэл медальтанд 99 сая төгрөг (3 сая рубль)-ийн шагналыг нэг удаа өгөх ажээ. Аваргын алтан медалийг АНУ, Герман харьцангуй даруухан 25 мянга, 20 мянган ам.доллараар үнэлжээ. Гэтэл Сингапур мөнгөн урамшууллын хэмжээг хамгийн их 753 мянган ам.доллараар зарласан нь тус улсаас урьд өмнө нь олимпийн аварга төрөөгүйтэй холбоотой байжээ. Гэтэл “Рио-2016”-гаас Сингапурын усан спортын тамирчин Жозеф Скулинг 100 метрт эрэгтэйчүүдийн эрвээхэй сэлэлтээр түрүүлж алтан медаль хүртсэнээр 753 мянган ам.долларын эзэн боллоо. Тэрбээр “хүн загас” хэмээх алдарт Майкл Фелпсийг ардаа орхиж түрүүлэхдээ энэ зайн олимпийн рекордыг 50.39 секунд болгон шинэчлэн тогтоов.
Дашрамд онцлоход, олимпийн медальтнаа үнэлэх сайн тал дээр манай улс бусад бүх орноос ялгардаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны наймдугаар сард, олимпийн наадамд багтдаг их спортын төрлөөр олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн Монгол Улсын харьяат тамирчдын амжилтаар нь тооцож сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлиг буулгасан юм. Их спортод амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнуудаа бүх насаар нь хөхиүлэн сайшаасан энэ шийдэл нь дэлхийн 200 гаруй орноос зөвхөн манай улс л олимп, дэлхийн медальтнаа сар бүр шагнаж мөнгөн урамшуулал өгдөгөөрөө өвөрмөц болсон. Медалийн өнгөөр нь үнэлэмж тогтоож сар бүр шагнадаг манай энэ шийдлийг одоохондоо нэг ч улс орон даган дуурайхаа эцэслэн шийдэж амжаагүй байгаа. Гэхдээ энэ асуудлыг төр засаг, парламентын хэмжээнд ярьж хэлэлцэж буй тохиолдол цөөнгүй, үе үе сөхөгдөж байдаг юм билээ.
Ерөнхийлөгчийн буулгасан зарлигийн дагуу олимпийн наадмын медальтан сар тутам: алт 4.0, мөнгө 3.0, хүрэл 2.0 сая төгрөг, олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлийн ДАШТ-ий медальтан сар тутам: алт 2.0, мөнгө 1.0, хүрэл 0.5 сая төгрөгийн мөнгөн урамшуулалтай. Зарлигт Монгол Улсын иргэн гэж заасан учраас 2002 онд иргэншлээ өөрчилж Германы харьяат болсон буудлагын Д.Мөнхбаяр гавьяат тус улсыг төлөөлж авсан 2008 оны олимпийн хүрэл, 2002 оны ДАШТ-ий алтан медальдаа урамшуулал авдаггүй. Харин эх орныхоо өмнөөс цэц сорьж 1992 онд олимпоос авсан хүрэл, 1998 онд ДАШТ-ээс хүртсэн алтан медальдаа мөнгөн урамшуулал авдаг.
Монгол Улсынхаа төрийн далбааг олимпийн наадам, ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэн, спортын асарт мандуулж явсан, одоо зодог тайлсан тамирчид болон ид хүч үзэж буй манай залуу тамирчдын мөнгөн урамшууллын жагсаалтыг танилцуулъя. Энд олимпийн наадмын медаль хүртсэн 22 тамирчинг хамруулсан болно. (О-олимпийн íààäàì, д-дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гэсэн утга зааж буй).
ИХ СПОРТОД ЗОДОГ ТАЙЛСАН ТАМИРЧДЫН САРЫН УРАМШУУЛАЛ
З.Ойдов (о-1 мөнгө, д-2 алт, д-1хүрэл, нас 67, чөлөөт бөх) – 7.5 сая төг
Х.Баянмөнх (о-1 мөнгө, д-1 алт, д-2 мөнгө, нас 73, чөлөөт бөх) – 7.0 сая төг
П.Сэрдамба (о-1 мөнгө, д-1 алт, д-1хүрэл, нас 30, бокс) – 5.5 сая төг
Э.Бадар-Ууган (о-1 алт, д-1 мөнгө, нас 30, бокс) – 5.0 сая төг
Х.Цагаанбаатар (о-1 хүрэл, д-1 алт, д-1хүрэл, нас 32, жүдо) – 4.5 сая төг
Ж.Мөнхбат (о-1 мөнгө, д-1хүрэл, нас 75, чөлөөт бөх) – 3.5 сая төг
Ц.Дамдин (о-1 мөнгө, нас 59, жүдо бөх) – 3.0 сая төг
Д.Сэрээтэр (о-1 хүрэл, д-1хүрэл, нас 73, чөлөөт бөх) – 2.5 сая төг
Ч.Дамдиншарав (о-1 хүрэл, нас 71, чөлөөт бөх) – 2.0 сая төг
Р.Даваадалай (о-1 хүрэл, нас 66, жүдо) – 2.0 сая төг
Н.Энхбат (о-1 хүрэл, нас 54, бокс) – 2.0 сая төг
Н.Баярсайхан (о-1 хүрэл, нас 51, бокс) – 2.0 сая төг
Д.Нармандах (о-1 хүрэл, нас 41, жүдо) – 2.0 сая төг
ИХ СПОРТОД ИД ӨРСӨЛДӨЖ БУЙ ТАМИРЧДЫН САРЫН УРАМШУУЛАЛ
Н.Түвшинбаяр (о-1 алт, о-1 мөнгө, нас 32, жүдо) – 7.0 сая төг
С.Батцэцэг (о-1 хүрэл, д-2 алт, д-1мөнгө, нас 26, чөлөөт бөх) – 7.0 сая төг
Д.Сумъяа (о-1 мөнгө, д-1хүрэл, нас 25, жүдо бөх) – 4.5 сая төг
Н.Төгсцогт (о-1 мөнгө, д-1мөнгө, нас 24, бокс) – 4.5 сая төг
У.Мөнх-Эрдэнэ (о-1 хүрэл, д-2 хүрэл, нас 34, бокс) – 4.0 сая төг
Д.Мөнхбаяр (о-1 хүрэл, д-1 алт, нас 47, буудлага) – 4.0 сая төг
С.Ням-Очир (о-1 хүрэл, д-1 хүрэл, нас 30, жүдо) – 2.5 сая төг
О.Гүндэгмаа (о-1 мөнгө, нас 38, буудлага) – 3.0 сая төг
Д.Отгондалай (о-1õ¿ðýë, нас 28, бокс) – 2.0 сая төг.
Б.ЕРЭНТЭЙ