Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ныхан Бээжин хотод Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулсан баяраа ёслон тэмдэглэж баярын хүлээн авалт хийжээ. Хүлээн авалтад БНХАУ-ын ГХЯ-ны орлогч сайд Жан Жижүнь, Бээжинд суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчид, Хятадын нийгмийн олон салбарын төлөөлөл урилгаар оролцсон байна. Хүлээн авалтын үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц. Сүхбаатар үг хэлжээ. Тэрбээр “Энэ жил Монгол Улсын хувьд онцлог жил болж байна. Монголын нутаг дэвсгэр дээр түүхэнд хамгийн анх бүрэлдсэн Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдсаны 2220 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тус тус ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ жилийн бас нэг онцлог бол Монгол Улс, Хятад улсын харилцаанд олон үйл явдал өрнөсөн явдал юм. Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболд Хятад улсад айлчлан Монгол, Хятад улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа, Хятадын Гадаад харилцааны сайд Ян Жечигийн Монгол Улсад хийсэн айлчлал зэрэг нь хоёр орны харилцаанд бат бэх байр суурь тавьж өглөө” гэжээ.
Д.ОЮУН