Олимпийг үзүүштэй болгосон залуус

Хуучирсан мэдээ: 2016.08.19-нд нийтлэгдсэн

Олимпийг үзүүштэй болгосон залуус

-П.Тэмүүжин, М.Анхцэцэг, Б.Есүй нар олимпийг улам үзүүштэй болголоо-

Рио-2016 олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын спортод шинэ түүх бичигдлээ. Анх удаа эх орондоо таэквондогийн төрлөөр олимпийн эрх авч, Риод очсон П.Тэмүүжин эхний тулаанд Мексикийн Саул Гутьррестай өрсөлдөж, цаг дуусахаас 10 секундын өмнө ялалтыг өөрийн талд шилжүүлэв.

Пүрэвжавын Тэмүүжин. 1994 оны зургадугаар сард Дархан-Уул аймагт төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа.

  • 2013, Зүүн Азийн наадам, Хүрэл медаль
  • 2013, Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алт, Хүрэл медаль 
  • 2016, Олимпийн эрх олгох тэмцээн, Мөнгөн медаль хүртсэн.

АЛТАН БОЛОМЖ-АНХНЫ ЭРХ

П.Тэмүүжин 2016 оны дөрөвдүгээр сард Филиппинд болсон таэквондогийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр “РИО-2016” олимпийн эрхийг халаасалжээ. Монголын таэквондогийн спортын олимпийн анхны эрх ингэж ирэв. Энэ тэмцээний хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны тамирчин Р.Никпакыг хожсон юм.

АНХНЫ ОЛИМП-АНХНЫ ЯЛАЛТ

Рио-Де-Жанейро, “Carioca” ордон. 12:45 цаг.

П.Тэмүүжин, Саул Гутьррес нарын тулааны эхний хоёр үед Мексикийн тамирчин 6:1, 7:2 гэсэн үнэлгээтэйгээр тоглолтыг тэргүүлж байв. П.Тэмүүжин ялагдаж байгаа ч тоглолтын явцад идэвхитэй байдлаа алдсангүй. Оноогоо алгуур ахиулсаар, гуравдугаар үеийн сүүлийн нэг минутад тулаан адил 11:11 харьцаатай боллоо. Эхний хоёр үед илүүрхсэн Мексикийг нэгэнт ялах нь тодорхой юм гэж бодсон үзэгчид Монголын тамирчны ур чадвар, гайхалтай төгсгөлийг мэл гайхан, ордон даяар шуугиж эхэллээ.   

Цаг дуусахад ердөө 10-хан секунд дутуу байхад онооны харьцаа 12:11 болж, П.Тэмүүжин үзэгчдийг гайхашруулсан, гоёмсог ялалтын эзэн боллоо. Энэ ялалт Монголын таэквондогийн спортын түүхэн дэх олимпийн анхны ялалт байв.

ХОЁР ДАХЬ ТУЛААН

П.Тэмүүжин тоглолтын дараа бэлтгэлийн зааланд орж ирээд, гучаад минутын дараа унтсан байлаа. Хэсэг хугацаанд ч болов тайван амрах нь дараагийн тулаанд чухал.

Түүний дараагийн өрсөлдөгч “Лондон-2012” олимпод 58 кг-д аваргалж байсан, 2009, 2011 оны Дэлхийн аварга юм. Г.Бонилла гэхдээ гол амжилтуудаа 58 кг-д гаргасан. Жин өгсч 63 кг-д тоглохдоо 2015 оны Дэлхийн аваргаас мөнгөн медаль, 2016 оны Европын аваргаас хүрэл медаль хүртжээ.

Хоёр тамирчны тулаан эхний хоёр үед 0:1, 4:1 гэсэн үнэлгээтэй үргэлжилж, эцэстээ 7:4-ийн харьцаагаар олимпийн аваргын ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын дараа П.Тэмүүжин “Сая ялах боломж байсан. Карт байхгүй, өмнөх тоглолтон дээр маргаантай зүйл гараад хураалгасан болохоор сая ашиглаж чадсангүй. Өнөөдөр тоглосон хоёр өрсөлдөгч хоёулаа харьцангуй өндөр, чацтай хүмүүс байлаа. Одоо Испанийн тамирчин финалд гарч ирвэл, дагаж тоглоно” гэлээ.

П.Тэмүүжин өөрийн дасгалжуулагч, БНСУ-ын иргэн Хо Ин Ёнтой 2013 оноос хамтарч ажиллаж байгаа. Тэд олимпийн өмнөх үндсэн бэлтгэлээ БНСУ-д сар гаруй хугацаанд хийжээ.  

Испанийн тамирчин финалдвал манай тамирчинд дагаж тоглох боломж байсан ч харамсалтай нь Г.Бонилла Иорданы тамирчинд ялагдсанаар энэ боломж үгүй боллоо.

П.Тэмүүжингийн АНХНЫ олимп энэ хүрээд дууссан ч тэр олимпийн таэквондогийн тэмцээний анхааралд өртсөн тамирчдын нэг болов.

Таэквондогийн П.Тэмүүжин, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг, усанд сэлэлтийн Б.Есүй нарын залуус Монголын олимпийн багийн түүхийг олон салаа мөчиртэй болгож байгаатай та бүхэн ч бас санал нийлэх биз ээ. Энэ залуус олимпийг улам үзүүштэй болгож өглөө.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж