Стратеги буюу цэвэрлэгээ

Хуучирсан мэдээ: 2016.08.18-нд нийтлэгдсэн

Стратеги буюу цэвэрлэгээ

Төрийн албаны томилгоо үргэлжилж байна. Яам, агентлагийн “толгойлогчид” мэргэжилтнүүдээ уйлуулахыг нь уйлуулж, дуулуулахыг нь дуулуулсаар томилгоогоо дуусгах. Харин хурган даргаас эхлээд гайгүйхэн агентлагуудынхаа дарга нарыг томилолгүй үлдээжээ. Энэ нь учиртай. Чадал нь ч хүрэхгүй.  

Учир нь тэрхүү албан тушаалуудад хэнийг томилохыг Төрийн ордонд суугаа таван хүний бүрэлдэхүүнтэй “комисс” мэдэх болсныг эх сурвалж дуулгалаа. Тэрхүү комисст МАН-ын боловсон хүчний СV төвлөрсөн бөгөөд хэнийг хаана тавихыг зөвхөн тэд л шийдэж буй аж. Гэхдээ тэд нар хэн бэ гэдэг нь тодорхойгүй.

Ингэснээр МАН-ын стратеги хэрэгжиж эхэлжээ. Сануулбал, сонгуулийн өмнө МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын сонгуулийн зардлаа хэрхэн босгож, үүнийгээ сонгуулийн дараа албан тушаалын наймаагаар олохоор ярьж буй бичлэгийг цацаж, АТГ-т шалгуулахаар хандаж байсан.

Хэргийн эзэд бичлэгээ “Энэ бол одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн МАН стратеги, тактикаа ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Гэхдээ бид нар энэ бичлэгийг хэн алдаж, хэн гадагш нь цацсаныг хууль хяналтын байгууллагаар давхар шалгуулна” гэхдээ 60 тэрбумыг төрийн албаны томилгоогоор босгохоо нотолчихсон. Арай ч үгүй байлгүй дээ гэсээр өнгөрсөн ч тэр нь үнэн байсан бололтой.

Комиссын таван гишүүн Ардчилсан намын агентлагийн дарга нараас “үлдэх үү” гэж шууд асуугаад “үлдэнэ” гэвэл татварынх нь хэмжээг зааж өгч буй аж. Татварынх нь хэмжээ харин тухайн албан тушаалын боломжоосоо хамаараад харилцан адилгүй.

Эх сурвалжийн хэлснээр, 1000 орчим хүнтэй агентлагийн дарга гэхэд 250 саяыг өгч байж үлдэх боломжтой гэнэ. Харин энэ саналаас АН-ын гишүүнчлэлтэй дарга нар татгалзжээ. Хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, илүүдээ гарсан тийм их мөнгө байхгүй. Хоёрдугаарт, түүнийг нь төлөөд албан тушаалдаа үлдсэн ч эрх баригч нь МАН учраас эргүүлэн олох шаансгүй. Гайтвал өөрөө дээлээ нөмөрч мэднэ.

Тиймээс л албан тушаалуудаа өгцгөөж буй аж. Айхавтар стратеги байгаа биз.

Төрийн албанд 2012 оноос хойш багагүй өөрчлөлт орсон. Өөрчлөгдөхдөө АН-ынхан голдуу болохоор хамгийн түрүүнд хар дансанд тэд орсон аж. Халаа сэлгээ бужигнаад дууссан гэж бодож байгаа бол эндүүрэл. Ердөө эхний ээлжийн халаа, салгаа дууссан аж. Ямар нэгэн сэтэртэй нэгэн албан тушаалдаа үлдчихлээ гэж гуяа алгадаж суугаа бол горьдсоны гарз юмсанж. Учир нь уг албан тушаалын эзнийг комиссын гишүүд хэн нэгэнд санал болгож амжаагүй эсвэл санал ирээгүй гэж ойлгох нь зүйтэй гэнэ дээ.

Гэхдээ энэ бүхнийг батлах, нотлох баримт алга. Харин шалгаж тогтоох л хэрэгтэй.

Өнөөгийн Авлигатай тэмцэх хуулиар авсан, өгсөн хоёулаа буруутдаг. Энэ нь гэмт хэргийг илрүүлэх боломжгүй болгодог учраас авлига өгсөн этгээд өөрөө хууль хяналтын байгууллагад мэдэгдвэл хариуцлага тооцохгүй байх хуулийг батлахыг улстөрчид эсэргүүцээд байсан нь ийм учиртай байжээ.

МАН-ын цэвэрлэгээ ийнхүү эхэлжээ. Батлагдсан, батлагдаагүй, барин тавин баримтуудад тулгуурлаад шалгадаг газар нь цэвэрлүүлэхээсээ өмнө шалгаад, цэвэрлээсэй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж