Т.Аубакир гологдож, Ж.Сауле шилэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

Т.Аубакир гологдож, Ж.Сауле шилэгдэв

Ялсан намын “бялуу” хуваарилалт үргэлжилсээр байна. Засгийн газар ээлжит хуралдаанаараа өчигдөр гурван дэд сайдын томилгоог хийлээ. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэгийг, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэнг, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле нарыг томилов.

МАН-ын Удирдах зөвлөлөөр анх 13 дэд сайдын асуудлыг хэлэлцэн дэмжсэн ч Засгийн газрын хуралдаанаас 10-ыг нь дэд сайдаар баталж, гурвыг буцаасан байдаг. Ингэснээр Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшсэн Г.Тэнгэр, Барилга хот байгуулалтын дэд сайдад нэр дэвшсэн М.Батбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшсэн Т.Аубакир нар гологдож, дахин дэд сайд тодруулах сунгааг эхлүүлсэн билээ. Дэд сайдаар томилох боломжгүй болсон шалтгааныг Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэх тайлбартай холбосон.

Гэхдээ Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулиар төрийн өндөр дээд албан тушаалд нэр дэвшигч нь тухайн харьяалах салбартай хамаарах компанид хувь эзэмшдэг, эсвэл гүйцэтгэх албан тушаал хашиж байгаа бол үүнийгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнана, томилогдсон нөхцөлд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж, тендер шалгаруулалт болон зарим нэг шийдвэр гаргах асуудалд нь оролцохгүй, түдгэлзэх ёстой” гэсэн заалт байдаг болохоос биш шууд нэрийг нь түдгэлзүүлэх ёстой гэсэн заалт тусаагүй ч шинэ Засгийн газар эл асуудлыг “Нэр дэвшигчийг шууд түдгэлзүүлэх байдлаар” шийдэж, өөр нэр дэвшигчийг оруулж ирэх болсон. Энэ дагуу дахин сунгаагаар “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэг, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн, МАН-ын зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле нар шилэгдэж, дэд сайдаар томилогдон ажилдаа орлоо.

Тэднээс салбарын ажлаа мэдэх нь дэд сайд Ж.Сауле юм. Хамтарсан Засгийн газрын үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын алба хашиж байлаа.

2016 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвших эрхийг намаасаа авсан ч тус аймгийн МАН-ын хорооны дарга Г.Солтанд “виз”-ээ алдсанаар нэр дэвших эрхгүй болж байв.

Сайд нарын сунгаа нам дотор нь өрнөхөд Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр нь дуулдсан ч “Хотын фракцад” нам цохиулаад хойш шидэгдсэн. Дараа нь дэд сайд нарын сунгаа эхлэхэд мөн нэр нь багтсан ч Т.Аубакир гэх шинэ хүнийг нэр дэвшүүлэхээр болж, Удирдах зөвлөл нь дэмжсэн юм. Харин АТГ-аас ирүүлсэн тайлбараар Т.Аубакир нь хувьдаа компанитай байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэх анхааруулгыг өгсөн нь буцаах шалтгаан болж, Ж.Саулед боломж гарсан нь энэ.

Харин Б.Батцэцэг, Ш.Лхамсүрэн нарын хувьд төрд өмнө нь алба хашиж байгаагүй цоо шинэ хүмүүс.

Ингэхдээ Ш.Лхамсүрэн нь МАН-ын дарга М.Энхболдтой ойр ажилладаг нь Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс барилгын салбарыг удирдах дэд сайд болтол суга дэвших боломжийг олголоо.

 ГЕГ-ыг Сү.Батболдын хүн удирдана

Мэргэжлийн Засгийн газар нь 27 агентлагтай ажиллахаар болж, бүтцээ батлуулсан. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хэд, хэдэн агентлагийн дарга нарын асуудлыг хэлэлцсэн ч зөвхөн Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралтыг томиллоо. Түүнийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүн гэгдэх тодотгол дагаж байна. Гадаад харилцааны яам, Консулын газар, Ерөнхий сайдын зөвлөхөөр тус, тус ажиллаж байжээ.

 ЗГХЭГ-ын дэд даргыг жинхэлсэнгүй

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Б.Даажамбыг томилсноор эл албыг залгуулж байсан Г.Ганболд чөлөөлөгдлөө. Гэхдээ энэ тухай албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.

Б.Даажамба нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, орон тооны гишүүнээр ажиллаж байсан ч 2014 онд чөлөөлөгдөж байв.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүүг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осорыг, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг нарыг томилсон нь үндсэндээ хуучин боловсон хүчнүүдээ агентлаг түшүүлсэн томилгоо болов.

Тухайлбал, Н.Цагаанхүү нь МАН-ын ар талын албанд он удаан жил ажилласан хуучин хүн бол Ц.Ням-Осор нь одоогийн Төрийн орон сууцны корпорацийг анх байгуулахад гар бие оролцож явсан, Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байхад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын алба хашиж байсан юм.

Харин Л.Зориг нь хуучин Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын Тамгын газарт алба хашсан юм.

Биеийн тамир спортын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцыг томилсон нь саарал ордонд ниссэн “бор шувуу” үнэн болохыг батлаад өглөө.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдавааг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бод­логын хэлтсийн дарга Б.Баатарцогтыг, Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайханыг тус, тус томиллоо. Б.Баярсайхан нь Монгол Улсын үндэсний хөрөнгө оруулалтын банкны Япон Улс дахь төлөөлөгч, хөрөнгө оруулалтын банк хариуцсан дэд захирал, 2008-2012 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж