ОХУ-д усан онгоц живж олон хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

ОХУ-д усан онгоц живж олон хүн үрэгджээ

ОХУ-ын Татарстаны нутаг дэвсгэр болох Волга мөрний Куйбышевийн усан сан орчимд энэ сарын 10-нд болсон их аадрын улмаас “Булгария” хэмээх усан онгоц живж одоо мэдэгдэж байгаагаар 100 хүн амь үрэгджээ. Аврагчид усны гүнээс 99 цогцос гаргаад байна. Нэг хүний цогцсыг осол болсны дараахан олжээ. Амиа алдагсдын 63 нь эмэгтэй, 18 нь хүүхэд, 19 нь эрэгтэй байжээ.

Өнөөдрийн байдлаар 140 хүний багтаамжтай  “Булгария” хөлөгт даац хэтрүүлэн 208 хүн суулгаж явсан нь мэдэгдсэн байна. Тэднээс 183 нь бүртгэлтэй байснаас 35 нь хөлгийн багийнхан аж. Харин 25 хүн “туулайчилж” явжээ. Гэхдээ үүнээс зөрсөн тоог бас холбогдох байгууллагууд өгч байна. Тухайлбал, 192 хүн зорчиж явсан гэсэн мэдээлэл бас байгаа аж. Усан онгоцноос 79 хүнийг аварснаас 14 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Амь үрэгдэгсдийн дунд гэр бүлээрээ сүйрсэн хэд хэдэн тохиолдол байгаа аж.

ОХУ-ын Засгийн газраас амь үрэгдэгсдийн ар гэрт тус бүр нэг сая рубль, хүнд болон дунд зэрэг гэмтэж бэртсэн иргэдэд тус бүр 400 мянган рубль, хөнгөн гэмтэлтэй хүмүүст тус бүр 200 мянган рублийн тусламж олгохоор болжээ. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин мэдэгдэж амь үрэгдэгсдйин ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна. Долдугаар сарын 12-ныг ОХУ-д үндэсний гашуудлын өдөр болгон өнгөрүүлжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж