
Киргизэд нөхцөл байдал дулаарах болоогүй
Төв Азийн цээжинд орших 5.5 сая хүн амтай Киргиз улсад сүүлийн тавхан жилийн дотор эрх баригчдаа унагаасан хоёр ч удаагийн хувьсгал болж өнгөрлөө. Эхний хувьсгалаар 2005 онд анхны ерөнхийлөгчөө унагасан бол хэдхэн хоногийн өмнө түүнийг унагаасан хоёрдахь ерөнхийлөгчөө цөлж орхив / сүүлийн ерөнхийлөгч нь Казахстанд гарчээ/. Хэдийгээр тус оронд киргизүүдээс гадна тажик, узбек, орос, украйн, тэр ч байтугай хятад, солонгос, немцүүд ч амьдардаг “есөн хэлтний” орон боловч үндэстэн хоорондын ялгарал эдгээр хувьсгалд огтхон ч нөлөөлөөгүй юм. Харин ч улстөрчдийн эцэс төгсгөлгүй тэмцлийн уршгаар энэ улсын нийгмийн амьдрал үргэлжийн донсолгоон дунд тогтворжиж чадахгүй л байсаар иржээ. Хэдийгээр эрчим хүчний багагүй нөөцтэй боловч ихэнх хэрэглээгээ гадаадаас авсан хэвээр байгаа бөгөөд ажилгүйдэл, ядуурал ялангуяа өмнөд нутгуудад нь газар авч иргэдийн бухимдлыг дэвэргэсээр байгаа юм.
Нийгмийн бухимдал дээр дөрөөлсөн улстөрчдийн тоглолт ч цагаа олсон бололтой Киргизийн нийслэл энэ сарыни эхний хэдхэн хоногт яах ийхийн зуургүй дайн тулааны талбар болон хувирсан юм. Ерөнхийлөгч байсан Бакиевийг эсэргүүцэгчид нийслэлийн төвд жагсаал цуглаан хийж улмаар цэрэг цагдаагийн ширүүн хамгаалалттай тулгарснаас буун дуу гарч эхэлсэн байна. Аль аль талаасаа галт зэвсэг хэрэглэснээс болж одоогийн байдлаар 80 орчим хүн алагдсан мэдээтэй байгаа ч энэ тоо бодит байдал дээр өсөх учиртай гэж үзэх ажиглагчид олон байна. Хувьсгал хэмээн нэрлэгдэж байгаа хурц тэмцлийн эцэст ерөнхийлөгч байсан Бакиев огцорч, нэгэн цагт түүнтэй хамтаар өмнөх ерөнхийлөгчөө унагаж байсан Отунбаева хэмээх эмэгтэй одоогоор Түр засгийн газар байгуулан улс орноо эмхлэхээр чармайж буй. Харин энэ хувьсгалын үеэр амиа алдаж цусаа ургасан иргэдийх нь хувьд улстөрчдийн тэмцэл өөр ямар зүйлийг бэлэглэх нь тодорхойгүй байна. Хэргийн эзэн хэнгэргийн толгой болсон тэмцэгч хоёр гэж хэн бэ?
Курманбек Бакиев:
Тэрээр 51 жилийн өмнө Киргизийн өмнөд мужид төрсөн бөгөөд инженер мэргэжил эзэмшсэн ч социализмын үед нам төрийн гэгдэх ажилд нэлээд нухлуулсан нэгэн байж. Киргиз тусгаар улс болсны дараа түүний улс төрийн бие даасан “карьер” нэлээд идэвхижсэн байна. 2001-2002 онуудад тэрээр Киргизийн Ерөнхий сайд байсан боловч төрсөн нутаг болох Жалалабад сууринд гарсан мөргөлдөөнийг цаг тухайд нь зохицуулж чадаагүй гэсэн шалтгаанаар огцроход хүрчээ. Дараа нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад давалгаалсан 2005 оны “өнгөт хувьсгал”-аар Киргизийн ерөнхийлөгч болон дэвшсэн юм. Тэрээр анх гарч ирэхдээ парламентын засаглалыг тогтооно гэж амласан ч тун удалгүй өөрийн бүрэн эрхийг бараг хязгааргүй болгон амлалтаасаа буцжээ. Харин 2001 оноос хойш Киргизэд байрлаж байгаа АНУ-ын агаарын цэргийн баазын байрлах хугацааг хязгаарлах оролдлого хийж байсан аж. 2005 онд гарсан эхний хувьсгалыг удирдан тухайн үед ерөнхийлөгч байсан Акаевыг түлхэн унагааж оронд нь гарч ирж байсан Курманбек Бакиев таван жилийн дараа өөрөө ижил хувь заяаг амсана гэж бодож байсан болов уу. Бараг л үгүй биз. Тэр тусмаа тухайн үед нэг үйл хэргийн төлөө хамтран тэмцэж явсан нөхөд нь түүнийг ийнхүү түлхэн унагаах болно гэж таамаглаж байсан эсэх нь сонирхолтой л юм.
Роза Отунбаева
Бакиевтэй цуг Киргизийн анхны ерөнхийлөгчийг сэнтийгээс нь буулгаж байсан бол энэ удаа түүнийг ч мөн буулгаж чадлаа. Одоогоор Киргизийн түр засгийн газрыг тэргүүлж байгаа энэ бүсгүй эцгийн эрхэт ёсыг дээдлэгч дундад Азийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болж магалдгүй гэж ажиглагчид таамаглаж байсан ч одоогоор тодорхой ирээдүй хараглдахгүй л байна. Тэрээр Бакиеваас хоёр дүү, Москвагийн Их сургуулийн гүн ухааны ангийг улаан дипломтой төгсөж байжээ. Нэлээд эртнээс дипломат албанд хүчин зүтгэж байсан тэрээр англи, франц, герман болон орос хэлийг маш сайн эзэмшсэн аж. Барууны томоохон улсуудад элчин сайдаар томилогдон ажиллаж байсан түүнийг 2005 онд Бакиев өөрийн танхимдаа Гадаад хэргийн сайдаар томилохоор завдаж байсан боловч ерөнхийлөгч болсныхоо дараа Отунбаевагийн томилгоог баталгаажуулаагүй байна. Магадгүй энэ үеэс Бакиев тэр хоёрын хооронд ан цав гарсан байж мэднэ гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Ямар ч болов Отунбаева одоогийн түр засгийн газрыг тэргүүлэхэд хэн ч саад болоогүй бөгөөд түүнтэй барууны орнуудын томоохон төлөөлөл уулзсаар байгаа нь нэр хүндийг нь өсгөж байна. Өөрөө ч энэ талаар чамгүй ажиллаж тухайлбал өөрийн нутагт байгаа АНУ-ын цэргийн баазын байрлах хугацааг сунгаж хариуд нь амаргүй нөхцөлд байгаа улс орондоо шаардлагатай зүйлсийг тусламжаар авахаар тохиролцож чаджээ. Мөн ОХУ ч тэдэнд шаардлагатай зүйлээр туслахад бэлэн гэдгээ мэдэгдэж 50 сая хүртэл ам.долларын тусламж өгөхөө амлаад байгаа юм.
Тэмцлийн дараахь Киргиз
Гадааддаа сайн харилцаа тогтоож байгаа хэдий ч улс орны дотоод байдал сайнгүй байгаа нь зөвхөн Отунбаеваг ч төдийгүй түнш орнуудых нь ч санааг зовоож байна. Киргизэд сүүлийн жилүүдэд лалын хэт даврагч бүлгийнхэн нэвтрэн орох нөхцөл байдал бий болжээ. Өмнө нь ч лалын зэвсэгт дайчидтай цус урсгасан мөргөлдөөн хэд хэдэн удаа болж байсан билээ. Ялангуяа эдийн засгийн хөгжлөөр хоцрогдмол зөвхөн газар тариалан голлосон аж ахуй бүхий Киргизийн өмнөд нутаг иймэрхүү хямралд хэзээ хэзээгүй өртөхөөр байгаа гэнэ. Тийм ч учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев энэ талаар “Киргиз дараагийн Афганистан болох вий гэдгээс болгоомжилж байна” гэсэн үгийг хэлээд амжсан юм. Одоогийн түр засгийн газраас тухайлан энэ өмнөд нутагт хяналтаа тогтоож чадахгүй байгаа нь байдлыг бүр ч тодорхойгүй болгож байгаа билээ. Харин тэдний хяналтаа тогтоож амжсан хойд нутаг нь эдийн засгийн хөгжлөөр өмнөдөөсөө илүү, алт болон ураны ордууд төвлөрсөн зэрэг давуу талуудтай ажээ. Гэвч бүхэлд нь авч үзвэл Киргизэд ерөнхийлөгчийн суудал эзгүй, парламент нь тарсны дээр Үндсэн хуулийн цэц нь үйл ажиллагаагаа зогсоож хууль хяналтын байгууллага ч нэгдмэл байхаа больжээ. Энэ бүхэн нь тус улсыг хаашаа явж байгааг тодохойлоход хэцүү байдалд хүргэж байна. Мөн дотоодын хэрэгт нь огт оролцохгүй хэмээн мэдэгдэж байсан АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар хоорондоо ярилцан тохирч суудлаасаа унасан ерөнхийлөгч Бакиевийг хөрш Казахстаны нутагт хамгаалалтын доор аваачсан нь сөрөг хүчнийхний санааг зовоож эхэлжээ. Хувьсгалын туршлагатай хуучин ерөнхийлөгч Бакиев тодорхой хугацааны дараа өөрийн хүчийг хуралдуулж улмаар иргэний дайнд ч хүргэж болзошгүй гэж тэд сэрэмжилж байгаа аж. Тийм жишээ байдаг гэдгийг бид ч өмнөх дугаартаа бичсэн билээ. Тайландын хуучин ерөнхий сайдад улс орондоо үймээн “хутгахад” хаана байгаа нь огтхон ч нөлөөлөөгүй юм. Тэгээд ч Киргизийн түр засгийн газрын тэргүүн Отунбаевагийн нөхөд ч “нуувчиндаа нудралцаж” эхлэх төлөв харагдаж эхэлсэн байна. Харин үүнийг нь овжин ашиглах санаа бүхий шашны харгис номлогчдоос өгсүүлээд лалын хэт даврагчид хүртэл хэдийнээ ханцуйгаа шамлаж эхэлсэн гэж хөндлөнгийн ажиглагчид анхааруулсаар байгаа билээ.
/ Нуувчиндаа нудралцах гэснээс энэ үг ямар ойр сонсогдож байна аа, бидэнд… Манай улстөрчдөд гэх гэсийм л даа. /
М.Наст