Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн
Цалин хөлсийг 40 хувиар нэмэхийг шаардлаа
- Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өчигдөр мэдээлэл хийж цалин нэмэхийг шаардлаа. Долларын ханшийн өсөлттэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа тул цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 40 хувиар нэмэхийг шаардлаа.
- Түркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай /ШШГЕГ/ хамтран төмрийн цех байгуулж, хүмүүжигчдийг ажлын байраар хангахаар болжээ. Ингэснээр ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр ангийн байршилд 40-50 хүнийг ажиллуулах хүчин чадалтай төмрийн цехийг байгуулах эхлэл тавигдлаа. Цех барих ажил гурван үе шаттайгаар хэрэгжиж, энэ ондоо ашиглалтад оруулах юм байна. Төслийн нийт өртөг 60 сая төгрөг болох аж.
- Монгол судлалыг сонирхон суралцаж буй 30 залуу энэ жилийн зуны сургуульд хамрагдахаар Улаанбаатар хотноо ирээд байна. Орос, Герман, Швейцарь, Чех, Унгар, Итали, Финлянд, Хятад, Япон, Австрали, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвийн залуус Монголыг зорин иржээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Авлигатай тэмцэх газрын дарга Хүрэлсүхийн Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олголоо. Энэхүү зэрэг дэвийг төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан хүнд олгодог ажээ.
- Х.Энхжаргалд “Тэргүүн комиссар” зэрэг дэв олгох саналыг Авлигатай тэмцэх газраас санал болгосон байна. Уг саналыг үндэслэж Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ.
- Ардчилсан нам "Намаа шинэчилье" гэх санаачилга гаргасан гишүүдийнхээ саналыг дэмжиж, шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг П.Галиндэв ахалж, нарийн бичгийн даргаар Ө.Шижир, С.Дэмчиг, Ж.Ганхуяг, Ш.Отгон-Өлзий, П.Нүрзэд, Ж.Эрдэнэцогт нарын 17 гишүүн ажиллахаар болсон байна.
- Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин соёлын наадам наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Аварга цол хүртлээ. Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой болов. Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн харьяат улсын заан М.Өсөхбаяр, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан нар шалгарч даншгийн өсөх идэр начин цолтон боллоо.
- Өнөөдрийн байдлаар нийслэлд энгийн орон сууцны м2-ын дундаж ханш 1.600.000-1.700,000 төгрөгийн хооронд байгаа аж. Орон сууцны эрэлт бага, нийлүүлэлт их байгаатай холбогдуулж “Орон сууцны бирж”-д бүртгэлтэй 100 гаруй аж ахуйн нэгжийн 30 орчим хувь нь 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрөгч бямба гаригт 58 настай Л гэх эрэгтэй Портер машинаа засаж байгаад дарагдаж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар машины өргөгч унасан байна. Улмаар машин урд тэнхлэгээрээ Л-ийн цээжин дээр унаж, дарсан байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
- Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадам эхлээд гурав хонож байна.
- Риод тамирчид, албаныхан, хэвлэл мэдээллийнхэнээс гадна манай гурван шүүгч ажиллаж байна. Үүнд жүдо бөхийн М.Бөхбат, боксын Х.Хас-Эрдэнэ болон чөлөөт бөхийн шүүгч Б.Төмөрбаатар нар олимпийн наадмыг шүүх эрхээ авсан юм. Эдгээр өдрүүдэд бокс, жүдо бөхийн тэмцээн эхэлсэн. Харин чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 11-21-ний хооронд болно.
- Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлэн 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
- Байт харваа, дугуй, жүдо бөх, буудлага, усанд сэлэлт, хүндийн өргөлтийн тэмцээнүүдээс олимпийн медальтнууд тодорч эхэллээ. Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар медалийн тоогоор БНХАУ 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж эхэлжээ.