Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Шинэ үе түрж наадлаа

Хүчит бөхөөс цолтон бүхэн төрөв

Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр цэнгэл наадам онцгой содон боллоо.

“Эр бор харцага нь жигүүрхэндээ хүчтэй
Энэхэн залуу насандаа даан чиг ажина үгүй явлаа даа”
хэмээн уртын дууны шуранхай хадахтай зэрэгцэн аварга, арслангуудаар ахлуулсан 1024 их хүчтэн арван даваанд хүч үзэхээр элин далин дэвсээр наадмын талбайд гарч Төрийн есөн хөлт их цагаан тугны өмнө өвдөг сөхрөн  адис хүртэв. Их баярын босгон дээр ЮНЕСКО-д данслуулсан гэрчилгээгээ гардсан Монгол эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдаан эхлэв. Бөхийн түүхэнд нэгэн шинэ үе хүч түрэн орж ирснийг харуулж бага цолтой залуу бөхчүүд хашир аварга, арслан, олимпийн хүчтэнүүдийг ханаруулан одтой сайхан барилдлаа.

Цол бүхэн бүл нэмсэн ийм наадам ховор байдгийг наадамчид хэлж байсан юм. Хүчит бөхийн барилдаанаас 13 начин, дөрвөн харцага, хоёр заан, хоёр гарьд төрж, арслан, аварга цолтон нэжгээд мэндэлсэн нь олон тэгш ой давхацсан монгол наадмын онцгой содон шигтгээ болов.

Наадмын эхний өдөр ус ихтэй аадар орж газар халтиргаатай болсных уу, хоёр дахь өдөр нь хайнцсан барилдаан цөөнгүй гарч хайнаагаа хагалуулахаар бөхчүүд дахин хүч үзэцгээж Монгол наадам 22.30 цагийн орчимд өндөрлөсөн ч ир бяр тэгширсэн залуу бөхчүүдийн барилдаанд шимтсэн наадамчид цаг оройтсоныг анзаарсангүй .

“Дараа жилийн наадмаар хаанахын хэний хүү улсын начин болох вэ” гэсэн таавар бөхийн хорхойтнуудын бүтэн жилийн турш ярих сэдэв байдаг. Тэгвэл энэ жилийн наадамд зодоглосон олон залуу бөхийн дундаас Увс аймгийн Хяргас сумын харъяат аймгийн арслан С.Батсуурь, Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Ч.Цогбаяр, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат аймгийн арслан С.Багахүү, Өмнөговь аймгийн Булган сумын харъяат аймгийн арслан Б.Сумъяа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат аймгийн арслан Ж.Чулуунбат, Архангай аймгийн Чулуут сумын харъяат аймгийн арслан Б.Амарзаяа,  Хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан М.Эрдэнэбат, Завхан аймгийн Идэр сумын харъяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн харъяат аймгийн арслан А.Батмөнх, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат аймгийн арслан Б.Сангисүрэн, Төв аймгийн харъяат аймгийн арслан Б.Батмөнх, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Д.Гончигдамба, Өмнөговь аймгийн харъяат аймгийн арслан Б.Одбаяр нарын 13 бөх хурсан олон, нутаг усны зон олноо баярлуулж начин цол хүртлээ. Арван давааны талаас төдийлөн хэтрэлгүй аварга, арслан цолтой хашир бөхчүүд өвдөг шороодож бөхийн шинэ үеийнхний хооронд гал ноцсон барилдаанууд үргэлжилсэн юм.

Харцага гэдэг хэр баргийн аавын хүүгийн хүссэн зоргоор олдох цол биш. Алсдаа аваргуудыг айлгах энэ эрхэм цолыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат Улсын начин А.Цацабшир, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат Монгол Улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын начин Ц.Содномдорж, Ховд аймгийн харъяат аймгийн арслан Г.Алтангэрэл нар эр бяраа гайхуулан хүртлээ.

Заан цолонд хүрэх долоогийн даваа ир бяр тэнцсэн идэрхэн хүчтэнүүдийн дунд өрсөлдөөн ихтэй болсон юм. Ялангуяа цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, харцага цолны болзол хангасан улсын начин Ц.Содномдорж нарын барилдаан арцалдаан ихтэй болов. Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба харцага Ц.Содномдоржийг хөлийн цэцийн ширээн дээр нэг, наадмын зүлэг ногоон ширгэн дээр нэг унаган байж улсын заан цолонд хүрлээ.  Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанаас Булган, Архангай аймаг нэжгээд заантай болов. Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын харцага Д.Баасандорж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар наадамчин олныхоо магнайг тэнийлгэж заан цолыг хүртлээ.

Даваа өгсөн тутам барилдаан улам сонирхолтой болдог жамаар долоогийн даваанаас эхлээд уран мэхийг уралдуулан барилдах идэр хүчтэнүүдийн барилдаан улам амттай болов.

Наймын даваанд Говь-Алтай аймгийн харъяат улсын начин Ж.Бат-Эрдэнэ, Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат улсын заан М.Баяржавхлан нар гарьд цолонд хүрч, есийн даваанд шинэхэн гарьд М.Баяржавхлан улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг амлаж, улсын харцага С.Мөнхбат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар тунаж барилдан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын начин Г.Эрхэмбаяр энэ даваанд гарьд М.Баяржавхлангаар улсын арслан цол хүртэж улмаар улсын харцага С.Мөнхбаттай үзүүр түрүүнд үлдсэн юм. Хоёр хүчтэн хавтай сайхан барилдаж Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, улсын харцага С.Мөнхбат улсын их баяр наадамд түрүүлэн улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртэж улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаяр үзүүрлэн улсын арслан цол хүртэж наадамчин олноо баясгалаа.

Өвөрхангайн уяачид, зүүн чигийн хүлгүүд өнгөтэй байв

Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан хязаалан хүлгүүдийн уралдаанаар долдугаар сарын 10-ны өглөө Хүй долоон худагт эхлэв. Энэ удаа монгол морьд, эрлийз адууг тусад нь уралдуулсан нь наадамчдын сэтгэлд нийцсэн, уяачдын хөдөлмөрийг хүндэтгэсэн зөв арга хэмжээ болсныг хурсан олон хэлж байв. Хүй долоон худагт адууны ханиад дэгдсэнээс болж уг өвчний шинж тэмдэг хурц илэрсэн цөөнгүй морьдыг мал эмнэлгийн зүгээс уралдуулалгүй авч үлдсэн юм. Энэ нь ч зөв болсон байх. Ханиад туссан адуу уралдааны замд бахардаж эндэхээс үүгээрээ сэргийлж олон морьдыг аварч үлдсэн нь гарцаагүй. Хурдан хүлгийн уралдаанд Өвөрхангайн уяачид хийморьтой, зүүн чигийн угшилтай морьд өнгөтэй байсан юм.

Хязаалангийн түрүү магнайд
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Далайн халтар үрээ хурдалж олон тэгш ой тохиосон  энэ наадмын анхны түмэн эх болж торгон жолоо өргүүллээ.

Хязаалангийн аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Богд сумын уяач Д.Одгэрэлийн хүрэн хурдалж, айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Б.Мөнхтөрийн зээр буурал, дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул,  уяач С.Ганболдын хонгор, тавд Төв аймгийн Баянцагаан сумын уяач М.Энхсайханы цавьдар тоосоо өргөн наадамчин олныг баясгалаа.

Шүдлэн үрээдийн уралдаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын уяач Ш.Адьшаагийн хонгор түрүүлж, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяач Ц.Болдын шарга аман хүзүүдэв. Айргийн гуравт,Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн зээрд хурдалсан бол  Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Д.Баяраагийн зээрд, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Даваадоржийн хар дөрөв, тавд тус тус хурдалж хурсан олон, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулав.

Долдугаар сарын 11-нд азарганы уралдаан болов. Амгалан төрийн ажнай шарга азарга наадамд тоосоо өргөнө гэж байсан ч их сунгааны үед өмнөх бэртэл нь задарсан тул уралдах азаргануудын хамт гараа чиглэн ёслоод буусан юм. Ингээд азарганы түрүү магнайд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Ө.Шинэтулгын уясан Хүсэлзулын зээрд давхиж  Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Б.Наранхүүгийн хээр аман хүзүүдлээ. Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Монгол Улсын алдарт уяач Ч.Улааны зээрд хурдалж Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач А.Отгонбаярын хилэн хар,  Төв аймгийн Баян сумын Монгол Улсын манлай уяач  Д.Оюунбилэгийн уясан Баян сумын уяач Х.Цогтсайханы сүмбэн зээрд айргийн дөрөв, тавд давхилаа.

Их насны хурдан хүлгүүдийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаянгийн хээр өнгөлж Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Агваансамдангийн Төгсбатын бор аман хүзүүдлээ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул  Чойдогийн Батбадрахын зээрд халзан, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Н.Бямбасүрэнгийн хээр,Төв аймгийн Баянцогт сумын Монгол Улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор айргийн гурав, дөрөв, тавд тус тус хурдалж торгон жолоо өргүүллээ.

Хамгийн хийморьтой, хамгийн ир бяртай соёолон үрээдийн уралдаан долдугаар сарын 12-нд боллоо. Энэ уралдаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Н.Ижилбаярын хар бор үрээ тод магнай болж торгон жолоо өргүүлэв.  Өвөрхангай аймгийн Сант сумын С.Ганболдын зээрд үрээ аман хүзүүдэж айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач М.Ганболдын хул хурдлав. Ховд аймгийн Алтай сумын уяач “Торгоны зам” хувьцаат компанийн Ц.Гантөмөрийн хүрэн,  Б.Буяннэмэхийн хонгор айрагдлаа.

Сүүнээсээ гараагүй шахам нялх амьтад эхдээ очихоор сарвайтал хурдалдаг дааган нас хамгийн үзүүштэй, хамгийн өхөөрдөм уралдаан байдаг. Түрүүлж торгон жолоо өргүүлчихээд ээжийнхээ сүүг ховдоглон хөхөх хусран даага ч олон бий. Дааганы уралдааны зул задрахгүй бөөндөө давхих нь өхөөрдөм хөөрхөн. Харин энэ уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын харъяат залуу уяач Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар даага хэзээний давхиж сурсан хүлэг шиг хэвлүүхэн хурдалсаар магнайдаа тоосгүй түрүү магнай болов. Энэ даага Монгол Улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны төрийн  наадамд зургаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шаргын төл юм. Шарга өөрөө тоосоо өргөөгүй ч шийрийг нь хатаах төл нь ийнхүү ирээдүйн тод магнай болохоло харууллаа. Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Монгол Улсын манлай уяач Д.Хишигжаргалын шарга даага аман хүзүүдлээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Ц.Октябрийн зээрд, Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Э.Энхтулгын хүрэн,О.Амарсайханы зээрд  даага айрагдаж ирээдүйн тод магнай, торгон жолоо, хурдан ажнай хүлгүүд болохоо харууллаа.

 “Уяа сойлго нь тааралгүй
Унасан хүүхэд нь хүндэдсэн,
Элс шороо тааралдаж
Эрэг гуунд саатсан”
Улаанбаатар хотын Партизаны М.Билгээгийн хул даагыг “Энэ жилийн баян ходоод ирэх наадмын түрүү магнай” хэмээн цоллож мялаан наадамчин олныг хөгжөөлөө.

Энэ сарын 13-ны өдөр эрлийз буюу шинэ цагийн монгол мордыг дээд, дунд, бага нас хамаан гурав ангилж уралдуулав.

Дээд насанд азарга, их нас, соёолонг хамтад нь мордуулсан юм. Нийт 34 морь бүртгүүлснээс 30-ыг уралдааны замд гаргажЦ.Батсайханы өсгий цагаан хонгор түрүү магнайд хурдалж Х.Бат-Эрдэнийн хээр соёолон аман хүзүүдэв. Б.Буяннэмэхийн сувдан бор, Т.Энхтайваны бор, Д.Батбаярын үзмэн ягаан эрлийз дээд насанд айрагдлаа.

Эрлийз дунд насны морьдын уралдаанд 56 хурдан хязаалан, шүдлэн бүртгүүлснээс 41 нь гарааны зурхайгаас эргэв. Дунд насны уралдаанд  Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар түрүүлж тод магнай боллоо. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Пэрэнлэйн бор халзан хурдаллаа.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын А.Нямхүүгийн зээрд халзан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Далайн хээр, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч. Пэрэнлэйн загал халзан үрээд айрагдлаа.

Эрлийз мордын бага насны уралдаанд 33 даага гарааны зурхайгаас эргэснээс Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын Бүжин хээр даага түрүүлж ирээдүйн тод магнай гэдгээ харууллаа.

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын халиун алаг даага хурдалж Архангай аймгийн Батцэнгэл сумын Д.Равдангийн хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул А.Төгсбатын Ээлт халтар, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзийн зээрд даага тус тус айрагдан торгон жолоо өргүүлж асрын өмнө цолоо дуудууллаа.

Шинэхэн мэргэн төрлөө

Гарын бяр, харааны хурцыг шалгасан Цэц магнай сурчдын тэмцээн ч шинэхэн мэргэчүүдтэй сайхан болж өндөрлөлөө. Сур харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Төв аймгийн харъяат Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, спортын мастер Х.Оюунчимэг тэргүүлж баяр наадмын манлай, улсын мэргэн цолтон боллоо. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Монгол Улсын хошой мэргэн Д.Эрдэнэтуяа удаалж  Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул залуу харваач Б.Чинзүрх гуравт оров.

Эрэгтэй харваачдаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Ёндон 40 сумнаас 38 онож түрүүлэн Улсын мэргэн болов. Баян-Өлгий аймгийн уугуул “Алдарт” спорт хорооны тамирчин улсын мэргэн Ө.Баярсайхан,  Монгол Улсын хошой мэргэн Б.Баасанхүү нар хоёр, гуравдугаар байрт шалгарчээ.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж