УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Тиймээс тус намын дарга З.Энхболд хариуцлагаа хүлээж намын даргын суудлаасаа буусан юм. Түүний орыг залгамжлах, АН-ын даргын суудалд хэн “залрах” нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж даргаа сонгох аж. Харин хэвлэлээр янз бүрийн бор шувууд нисч байгаа. Тэгвэл энэ талаар тус намын гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: АН-ын дарга хэн ч болсон бай хоёр жил тутам намын дээд байгууллагынхаа өмнө ажлаа тайлагнадаг, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэх асуудлаар санал хураалгадаг байх ёстой. Найман жил хуралддаггүй, гишүүдээсээ зугтдаг намын дарга байж болохгүй. Тодорхой хэлбэл АН-ыг амьд организм болгож хувиргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн сайн хүн АН-ын дарга болчихоор АН сайн нам болно гэдэгт би итгэдэггүй. АН сайн дүрэмтэй болбол, АН сайн нам болно. Энэ олон франкцуудын зөрчилдөөнийг тас цохисон шинэ дүрмийг бид гаргаж ирэх ёстой. Үндэсний хэмжээний лидер тодруулдаг шинэ журамтай болох ёстой. Сүүлийн жилүүдэд АН-ыг үндэсний лидерүүд бус, фракцийн дарга нар л удирдсан.
АН фракцийн даргыг намынхаа лидер болгодог буруу системээсээ салах хэрэгтэй. АН-ын дарга үндэсний лидер байх ёстой. Үндэсний лидерийг тодруулж чаддаг болсон цагт АН үндэсний хөгжлийг тодорхойлох хүчин болно. Намын лидер гэдэг бол үзэл санааны удирдагч юм. Түүнээс бус өдөр тутмын ажил хийдэг жижиг дарга биш. Манай өмнөх дарга нар 20 хүнтэй сайхан харьцдаг, 200 хүний дэмжлэг авдаг л хүмүүс байсан. Хоёр, гурван сая хүний өмнө очихоороо жулддаг, жижгэрдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд тодорхой үзэл санаа, үнэт зүйл байгаагүй.
Манай намын дарга асан Н.Алтанхуяг “гишүүдээ үзэл санаа бүү ярь, баруун зүүний нам гэж бүү маргалд” гэж загнадаг байлаа. Энэ бол АН-ын ялагдлын эхлэл байсан гэж би боддог. Одоо бид үзэл санааны дасгалаа өдөр болгон хийж, үзэл санааны лидерийг туг болгон залах ёстой.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
-Манай нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар шийднэ. Энэ асуудал удахгүй тодорхой болох байх. Намын удирдлагад хэр бэлтгэгдэж, боловсорсон, үзэл бодол нь төлөвшсөн хүнийг гаргаж ирэх нь вэ гэдгийг харна.
Ардчилсан намын гишүүн Б.Гарамгайбаатар
Ардчилсан намын шинэ дарга УИХ-ын гишүүд дотроос байх хэрэгтэй. Яагаад гэвэл намын дарга нь УИХ-ын гадна талд байхад ямар зовлон бэрхшээл учирдаг вэ гэдгийг МАХН харуулсан. Тиймээс Ардчилсан намын шинэ дарга бол одоо байгаа есөн гишүүн дотроос сонгогдох ёстой. Тэр утгаараа би Д.Эрдэнэбатыг хамгийн тохиромжтой хүн үзэж байна.
Т.НОМИН