Дуурийн театр шинэ зөөлөн хөшгөө зүүжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

Дуурийн театр шинэ зөөлөн хөшгөө зүүжээ

Одоогоос сар гаруйхны өмнө /2016.06.30/  УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул болон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар тус театрын зөөлөн хөшгийг шинэчлэх төслийн гэрээнд гарын үсэг зурж байсан билээ.

Тэгвэл Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан өчигдөр /2016.08.09/  шинэхэн зөөлөн хөшгөө хүлээн авлаа.  

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу /ТИКА/-аас 14500 ам.доллар буюу 30 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар зөөлөн хөшгийг шинэчлэн гүйцэтгэжээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөөлөн хөшиг цагаан, хүрэн гэсэн хоёр өнгөтэй байжээ. Харин шинэ зөөлөн хөшиг нь хар, цагаан, хүрэн гэсэн гурван өнгөтэй бөгөөд дундаа дуу намсгах тусгаарлагчтай юм байна.

ДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул “Дуурийн театрыг зорин ирж буй үзэгчдийг хамгийн түрүүнд угтаж, бүх тоглолтуудыг холбож өгдөг чухал хэсэг бол яахын аргагүй зөөлөн хөшиг юм. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын төв хөшгийг 20 гаруй жилийн өмнө сольсон бол зөөлөн хөшгөө 30 гаруй жилийн турш солиогүй байсан. Төв хөшгийн арын хэсэг тоглолтын бүрэлдэхүүн болон гарч байдаг хөшгийг зөөлөн хөшиг гэдэг. Мэргэжлийн томоохон театрын зөөлөн хөшиг хамгийн хямд нь 100 мянган еврогоос дээш үнэтэй байдаг” гэж ярилаа.

Ийн ирэх сараас тус театрыг зорин очих үзэгчид тоглолтын үзэгдэл бүрийн дундуур тайзаа солих гэж завгүй гүйлдэх чимээ сонсолгүйгээр сэтгэл догдлол, нам гүм орчныг бүрдүүлж чадсан орчин үеийн стандарт бүхий зөөлөн хөшигтэй уулзах нь ээ.

А.Цээсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж