Телма Монтейро 31 насандаа олимпийн медальтан боллоо

Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн

Телма Монтейро 31 насандаа олимпийн медальтан боллоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн медальтнууд тодорсон. Энэ жинд дэлхийн 23 орны шилдэг жүдочид өрсөлдсөнөөс 2013 оны дэлхийн аварга, 2011 оны дэлхийн аваргын мөнгө, Пан Америкийн хошой аварга Бразилийн Рафаэл Силва түрүүлж, Монгол Улсын тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн бол Японы “чоно” хочит, алдарт Мацүмото Каори, Португалын Телма Монтейро нар хүрэл дээр буусан.

Тэд бүгд медаль авах боломжтой гэж нэрлэгдэж байсан. Тэр ч ёсоор боллоо. Гэхдээ тэднээс хамгийн ахмад нь Португалын Телма Монтейро юм. Тэр энэ жил 31 настай. Түүний хувьд дэлхийн аваргаас дөрвөн мөнгө, нэг хүрэл, Европын аваргаас таван алтан медаль хүртээд байсан юм. Түүнд зөвхөн олимпийн медаль дутуу байлаа. Гэвч тэр энэ хүслээ Бразилд биелүүлж чадав.

Гэхдээ Монтейро энэ медалийг амар аваагүй. Тэр Д.Сумъяагийн “А” зоонд хуваарилагдсан бөгөөд тэд шөвгийн наймд учраа таарахад манай бөх торгуулиар түүнийг хожиж, хэсгийн аварга болсон. Харин Монтейрогийн хувьд дагах барилдаанд Францын А.Павиаг, хүрлийн төлөөх барилдаанд олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Румыны Корио Кэприориуг юүко үнэлгээгээр хожсон юм. Ийнхүү дэлхийн аваргаас таван медаль аваад байсан алдарт Телма Монтейрогийн хүсэл энэ жил биелэлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж