Даншиг: Худалдаа эрхлэгч бүр гурван сая төгрөгийн хохирол амссан

Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн

Даншиг: Худалдаа эрхлэгч бүр гурван сая төгрөгийн хохирол амссан

Наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болсон Даншиг наадмын үеэр худалдаа эрхэлсэн иргэдийн төлөөлөл болох П.Төмөрчөдөр, Э.Долгорсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Даншиг наадмын үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулж, хяналт тавьсан “Монгол наадам” цогцолбор, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг хангалтгүй ажилласан хэмээн дүгнэж буйгаа илэрхийллээ.

Учир нь наадмын талбайн ойролцоо хоол, хүнсний үйлчилгээ эрхлэхээр 150 аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгчээ. Зөвшөөрөл олгосон газар нь баярын үйл ажиллагаа болсон талбайгаас зайтай байрлажээ. Ингээд 150 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хоол хүнс, хуушуурны худалдаагаа эрхэлжээ. Гэтэл наадмын үйл ажиллагаа болж буй, хүн цугларсан газруудад иргэд зөвшөөрөлгүйгээр олноор хоол, хүнсний худалдаа явуулсан гэв.

Худалдаа эрхлэгч П.Төмөрчөдөр “Зөвшөөрөл авсан улсууд нь хүний хөлөөс зайтай газарт байрласан. Хол болохоор хүмүүс ч багатай байсан. Гэтэл яг баяр болж буй газарт нь зөвшөөрөлгүй иргэд хуушуур, хоолны үйлчилгээ эрхэлсэн. Үүнд хяналт тавих ёстой нийслэлийн Захирагчийн албаны Л.Нарантуяа дарга, “Монгол наадам” цогцолборынхонд хэлсэн ч тэгсгээд алга болцгоосон” гэж мэдээлэв.

Зөвшөөрөлтэй 150 аж ахуйн нэгж, иргэн байжээ. Нэг хүн дор хаяж 300 гаруй мянган төгрөгийн зардал гаргасан ч, худалдан авагчгүй болсноос доод тал нь гурван сая төгрөгийн хохирол амссан гэлээ. Худалдаа эрхлэгч Э.Долгорсүрэн “Хоёр, гурван сая төгрөгийн зардал гаргасан ч хоёр өдөр худалдан авагчгүй байсаар долоо, 17 мянган төгрөгийн л орлого олоод уйлж байгаа хүн ч байна” гэв.

Тиймээс зохион байгуулалтыг муу хийсэн “Монгол наадам” цогцолбороос худалдаа эрхлэгчид хохирлоо барагдуулна гэдгээ энэ үеэр хэлсэн юм.

“Монгол наадам” цогцолборынхон зөвшөөрөл зараагүй”

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Монгол наадам” цогцолборын маркетинг, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Солонгоос зарим зүйлийг тодрууллаа.

Б.Солонго: “Монгол наадам” цогцолборын хувьд Даншиг наадмын үеэр урлагийн талбайг, нийслэлийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг хуушуурын талбайг хариуцаж ажилласан. Энэ хэсэгт зөвхөн хөдөлгөөнт тоглоом, бараа, сугалаа, гар урлал, сур харваа зэрэг үндэсний чиглэлийн зөвшөөрлийг манайх олгосон гэсэн үг. Тэр талбайг маркетингийн алба хариуцаж ажилласан.

Ингээд наадам болохын өмнөх орой Хүй долоон худагт очоод талбайгаа янзалж, ажлаа зохицуулаад явсан. Наадмын өглөө ирсэн чинь талбайд гурван гэр, хоёр майхан бариад зөвшөөрөлгүйгээр хуушуур хийж байсан. Сонгинохайрхан дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, манайх нийлээд зөвшөөрлийг хурааж, нэлээн хөөсөн. Сүүлдээ хөөгөөд дийлэхгүй болохоор нь тог, гаазыг хүртэл салгуулсан.

Үүнээс гадна наадмын талбайд үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг шалгахад зөвшөөрөлтэй байсан. Гэхдээ талбайгаа дур мэдээд сонгосон байгаа юм. Бидний хувьд хүний эд зүйлсэд хүрэх эрх байхгүй. Цагдаагийн байгууллага дуудсан. Тэр том талбайг бид хянаж үнэхээр дийлэхгүй байсан. Манайхаас гадна Мэргэжлийн хяналтын газар, цагдаа хүртэл ажиллаад дийлээгүй. Шөнөжин ажиллаж, зөвшөөрөлгүй гэр, майхан, саравч сүүдрийг буулгасан.

Бидний хувьд цементэн талбай хэсгээ л хариуцдаг. Зөвшөөрөлгүй иргэдийг цементээс хөөхөөр тавхан алхмын цаана шороон дээр барьчихаж байгаа юм. Ингээд долооны өглөө мэргэжлийн хяналтын байгууллага өндөр бүрэлдэхүүнтэй ажиллаад ч дийлээгүй. Сүүлдээ нэгэнт л хүнд хоолоор үйлчилж байгаа юм чинь эрүүл хүнс эсэхэд хяналт тавихаар болсон.

Ямар ч байсан манай байгууллага хуушуурны зөвшөөрөл олгодоггүй. Тийм болохоор ямар нэг зөвшөөрөл зараагүй. Бидний зүгээс хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна” гэх тайлбарыг өглөө.

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж