Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдлаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Доржсүрэнгийн Сумъяа олимпийн мөнгөн медалийг хүртлээ. Түүний хувьд энэ удаагийн Монголын багийн анхны медалийг авчирснаас гадна жүдо бөхийн төрлөөр олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй жүдоч болж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 23 орны шилдгийн шилдэг жүдочид өрсөлдлөө. Дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа “А” хэсгийг тэргүүлэн барилдан барилдаж, эхний тойрогт хийлсэн. Улмаар Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд дэлхийн аваргын дөрвөн мөнгөн медальт Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болсон юм. Манай бөх хагас шигшээд "Лондон 2012" олимпийн аварга, дэлхийн хошой аварга Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдлаа.
Монголчууд олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 24 медальтай. Тэгвэл жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аваргын хүрэл медальт, Мастерсийн тэмцээнд гурав дараалан түрүүлэн Риод ирсэн Доржсүрэнгийн Сумъяа олимпийн 25 дахь медальтан тамирчин боллоо. Тэр дундаа эмэгтэй жүдочдоос анх удаа ОЛИМПИЙН МЕДАЛЬ болсон шинэхэн түүхийг бичээд байна.
ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА
- 1991-03-11-нд төрсөн
- Увс аймаг, Монгол Улс
- Гавьяат тамирчин, "Хилчин" спорт хороо
- Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
- 2015, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Хүрэл медаль, Астана, Казахстан
- 2014, Азийн наадам, Хүрэл медаль, Инчён, БНСУ
- 2016, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль, Ташкент, Узбекстан
- 2016, Олимпийн наадам, Мөнгөн медаль, Рио-де-Жанейро, Бразил
Ч.БОЛОР