Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын буудлагын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалын медальтнууд тодорно. Энэ дасгалд нийт 40 тамирчин өрсөлдөж байгаагаас олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц сорилоо.
Тамирчид 60 сумыг тогтоол болон хурдан буудлагад буудлаа. Дүн гарахад Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа 579 оноогоор 12 байр эзлэв. Эхний тогтоол 30 сумд Ц.Мөнхзул 289 оноогоор 19-т, О.Гүндэгмаа 284 оноогоор 35-д орсон. Дараагийн түргэн буудах дасгалд О.Гүндэгмаа сайн буудсан ч шилдэг наймд багтаж чадсангүй. Энэ дасгалын шилдэг наймд БНХАУ, Грек, Гүрж, Герман, Болгар, БНАСАУ, Швейцарь, ОХУ-ын тамирчид багтжээ.
Наймдугаар сарын 8-ны өдөр 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа 379 оноогоор 20, Ц.Мөнхзул 378 оноогоор 32-р байрт орсон юм.
Манай мэргэн буудагчид ийнхүү Риогийн тэмцээнээ өндөрлүүллээ.
Ч.БОЛОР