Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хэдийгээр нийслэл хот нам тайван байгаа ч эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хэдийн базаагаад эхэлжээ. Сурагчид болоод эцэг эхчүүдийн цагийг хэмнэх үүднээс “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүдийг зорьж хичээлийн хэрэгслийн үнийн судалгаа хийлээ. “Бөмбөгөр” худалдааны төвийн цүнхний тасгаар эхлээд орлоо. Цаг хэдий эрт байсан ч хүмүүсийн хөлд дарагдаад эхэлсэн нь “худалдагчаа энэ цүнх хэд вэ”, “доош нь жоохон ярих уу“ гэх зэрэг ярианаас тод харагдаж байлаа. Лангуун дээр өрөөстэй байгаа цүнхнүүд өнгө загвар, насны хувьд янз бүр. Охидын цүнх мэдээж ягаан өнгө илүү давамгайлсан байх ба “Disney” баатруудын зурагтай (гүнж, mickey mouse) байсан бол, хөвгүүдийн цүнх гүн хөх, хар өнгөтэй, машины зурагтай байх нь олонтаа. Үнийн хувьд 25000-40000 хооронд байсан бол, ахлах ангийн хүүхдүүдийн цүнх өмнөх жилүүдийнхийг бодвол илүү спорт загвартай болж шинэчлэгджээ. Үнэ нь 30000-55000 хооронд байгаа гэж худалдагч бүсгүй хэлэв. Цаашлаад хэд хэдэн лангуугаар явж үзэхэд үнийн хувьд хоорондоо 2000-3000 төгрөгний зөрөөтэй байна. Худалдааны төвүүдэд зарж байгаа цүнхнүүд өнгө загвар, хэлбэр хийцийн хувьд бүгд л ижил талдаа.
“Алтжин Бөмбөгөр”-ийн үүдэнд “Дүрэмт хувцасны худалдаа”-гаар орж сурагчийн дүрэмт хувцасны үнийг судалснаа хүргэж байна.
БАГА АНГИ (1-5 анги) | ДУНД АНГИ (6-9 анги) | АХЛАХ АНГИ (10-12 анги) | |||
Хөвгүүд | Охид | Хөвгүүд | Охид | Хөвгүүд | Охид |
Хослол 62800 | Сарафан 41000 | Хослол 78800 | Хослол 76000 | Хослол 108600 | Хослол 98700 |
Сорочко 16000 | Сорочко 16000 | Сорочко 18000 | Сорочко 18000 | Сорочко 20000 | Сорочко 20000 |
Зангиа 2500 | Зангиа 2500 | Зангиа 2500 | Зангиа 2500 | Зангиа 3500 | Зангиа 3500 |
Нийт-81300 | Нийт-59500 | Нийт-99300 | Нийт-96500 | Нийт-132100 | Нийт-122200 |
Тус захын цүнхний тасгаар ороод гарлаа. Бага ангийн хүүхдүүдийн цүнх 20000-35000, ахлах дунд ангийн хүүхдүүдийн цүнх 25000-55000 байсан юм. Үнийн хувьд “Бөмбөгөр” худалдааны төвөөс илүү хямдхан байгааг энд онцлох нь зөв байх. Зэрэгцээ орших хоёр захын хувьд үнэ зөрөөтэй. Хичээлийн хэрэгсэл бэлдэнэ гэхээр дан ганц цүнх аваад болчихгүй. Тийм ч учраас сурагчдын цагаан цамцын үнийг сонирхлоо. Сурагчдын дүрэмт хувцасны цамц хөх өнгөтэй болсон учир цагаан цамц эрэлтнээс гарчээ. Хөх өнгийн цамц хэмжээ хамааралгүй, дээрх захууд дээр 12000-20000 хооронд зарагдаж байна.
Бичиг хэрэг нь нэг давхарт байрлах бөгөөд олон давхар дэвтэр өрөөстэй байх ба үзгэн бал, үзэгний сав, баллуур нь өнгө загварын хувьд толгой эргэмээр олон янз байсан юм. Сурагчдын байнгын хэрэглээ болох дэвтэрийн үнийг сонирхуулъя.
ХУУДАС | ШИРХЭГ | ҮНЭ |
96 | 10 | 8000 |
60 | 10 | 6000 |
42 | 10 | 4000 |
24 | 10 | 2000 |
Үзгэн бал, тосон бал, балллуур гэх мэтчилэн жижиг хэрэгслүүдээс энгийн загвартайгаас илүү харин тод өнгө, янз бүрийн хэлбэртэй нь сайн зарагддаг гэж худалдагч бүсгүй хэлсэн юм. “Алтжин Бөмбөгөр”-т бичиг хэрэгслийн наймаа эрхэлдэг Л.Цэцэгсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хичээлийн шинэ жил ойртож байна, иргэдийн худалдан авалт хэр байна вэ?
-Наймдугаар сар гарсаар иргэдийн худалдан авалт бага зэрэг эрчимжсэн. Удахгүй хөдөөний оюутнууд орж ирэхээр худалдан авалт нэмэгддэг. Наймдугаар сарын 20-оос эхлээд л хөл хөдөлгөөнд дарагдах байх. Одоохондоо цөөхөн л байна. Уул нь бол хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг эрт бэлтгэвэл сонголт олонтой, загвар сайтай байдаг л даа.
-Та бичиг хэрэгслээ хаанаас оруулж ирдэг вэ?
-Ихэнхийг нь Хятадаас оруулж ирсэн. Мөн Солонгос бараанууд ч байна.
-Энэ жил хичээлийн хэрэгслийн үнэ ханшид өөрчлөлт орсон уу?
-Янз бүр л байна даа. Дэвтэр, балны үнэ бол хэвэндээ байгаа. Жижиг хэрэгслүүд (баллуур, харандаа, шугам ) загвараасаа хамаараад үнэ нь нэмэгдсэн байгаа.
Энэ жил 4-р ангид орох охиндоо зориулан хичээлийн хэрэгслийг нь бэлтгээд явж байгаа Н.Сарнай гэх эмэгтэйтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Н.Сарнай таван хүүхдийн ээж гэнэ. Гурван хүүхэд нь сургуульд сурдаг. Олон хүүхэдтэй учир аль болох худалдан авалтандаа хэмнэлттэй хандаж буйгаа тэрбээр хэлсэн юм.
-Хичээлийн шинэ жил гээд эцэг, эхчүүдийн хувьд бэлтгэл ажилд дарагддаг. Энэ жил хичнээн төгрөгөнд хүүхдүүдийнхээ бэлтгэлийг базаахаар төлөвлөж байна. Юу, юу авахаар тооцсон бэ?
-100 мянган төгрөгөнд багтааж цүнх, ном, дэвтэр гээд хичээлийн хэрэгсэл бас болж өгвөл цагаан цамцыг нь авахаар тоцоолоод л байна. Охиндоо энэ захаас 40000 төгрөгөөр цүнх худалдаж авлаа.
-Хичээлийн хэрэгслийн үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад ямар байна вэ?
-Хэвэндээ л байгаа юм шиг санагдлаа. Харин хүмүүсийн худалдан авах чадвар доошилсон байж магадгүй. Ер нь тэгээд охин хүүхдийн хичээлийн бэлтгэлийг хангаж байгаа болохоор аль болох загвар сайтай зүйлсийг л авахыг хичээж байна. Даанч загвар нь сайжрах тусам үнэ нь өсөх хандлагатай байх юм. Бараг авна гэж төлөвлөж гарсан зүйлс маань мөнгөндөө багтахгүй юм шиг байна.
Хичээлийн хэрэгсэл бэлтгэх нь эцэг эхчүүдэд жил бүр тохиолддог том асуудал болдог. Хүүхдүүдээ хаанаас юу авч өгөх вэ гэдгээс эхлээд хичнээн төгрөг төсөвлөх вэ гэдэг толгойны өвчин болох нь бий.
Охин хүүхэд хөвгүүдээс илүү хэрэгцээ өндөр наад захын үсний цагаан лент, цагаан трико гэх мэтчилэн. Үсний цагаан лент л гэхэд метр нь 500 төгрөг. Трико өвөл, зуныхаас хамаараад 4000-9000. Өрх айл хэдэн хүүхэдтэйээс шалтгаалаад тухайн айлаас хичээлийн хэрэгсэлд бэлтгэх мөнгөн дүн шууд хамаарна.
Эндээс харахад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг бага, багаар базааж эхэлж байна. Ялангуяа наймдугаар сараас эхлэн дэлгүүр, зах хоршоо хичээлийн бэлтгэлээ базааж яваа эцэг эхчүүд, хүүхдүүдийн хөлд дарагддаг. Захын худалдагчид ч наймдугаар сард багагүй орлоготой ажилладаг. Ийнхүү хичээлийн шинэ жил хаяанд иржээ.
Э.СОСОРБУРАМ, О.ТЭГШБУЯН