Сүхбаатарын талбай үндэсний хувцсаараа гоёсон наадамчин олны хөлд дарагдаад байна. Улаанбаатар хотын захиргаа, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран тав дахь жилдээ “Дээлтэй монгол” өдөрлөгийг зохион байгуулж буй нь энэ юм. Үндэсний хувцсаа гадаадынханд сурталчлах төдийгүй залуу үедээ таниулах зорилго агуулсан “Дээлтэй монгол” өдөрлөг анх зохион байгуулагдах үед арав гаруй хүүхэд оролцож байжээ. Одоо харин энэ өдөрлөгт үндэстэн бүрийн онцлогийг харуулсан монгол дээлтнүүд оролцож, жил ирэх тусам агуулгын хувьд баяжуулсаар байна. Мөн энэхүү өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Төрийн тэргүүн энэ удаад Улсын их баяр наадмын 11-ний өдөр өмссөн дээлээрээ гоёж, “Дээлтэй монгол” өдөрлөгийг чимлээ.
Г.Дарь