Дарь эхийн гэр хороолол дунд “Зайсан” босчээ

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

Дарь эхийн гэр хороолол дунд “Зайсан” босчээ

Дарь эхийн гэр хороолол дунд Зайсан-2 босчээ. Гэхдээ Зайсан гэх нэрийг иргэд өгсөн. Харин бүтээн байгуулалтын нэр нь Дарь Эх цогцолбор юм.

Дарь эхийн 102 дугаар сургуулиас зүүн тийш, гэр хорооллын замаар янзалж зассан замаар дээш өгсвөл машины зогсоол, талбай бий. Талбайд машинаа тавиад уулын өөдөө шатаар дээш өгсөнө. Замдаа амарч, суух сандал, зориулалтын талбай ч байна. Зайсанг бодвол шатыг арай ойрхон хийжээ.

Бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилээс эхэлжээ. Баянзүрх дүүргийнхэн ойн хүрээндээ Дарь эх хайрханыг тохижуулж, гэр хорооллын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг нэмэхээр ажлаа өнгөрсөн жил эхэлсэн байна. Баянзүрх дүүргийн санхүүжилтээс жил бүр 200-300 сая төгрөгийг төсөвлөх замаар 2-3 жилийн хугацаанд тохижуулж дуусгахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил цогцолборт 300 сая төгрөгийг зарцуулж, бүтээн байгуулалтын 30 хувийг хийсэн байна.

Харин энэ жил дүүргийн хөрөнгөнөөс 200 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Одоогоор нийтдээ 500 сая төгрөгийг зарцуулжээ. Цогцолборын нийт төсвийг 900 гаруй сая төгрөг хэмээн тооцоолсон байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт хэлснээр цогцолборт Дарь эх бурхан, гэрэлт цамхаг, Мандал талбайг нэмж хийх юм байна.

Дарь Эх цогцолборын хойно хуучнаар Цагаан давааны хогийн цэг байрладаг. Тэгвэл Цагаан давааны хогийн цэгийг цэвэрлэж, засч, янзлаад тэгшхэн талбай болгожээ. Дөрвөн га орчим энэ хэсэгт Чингисийн талбай шиг хэмжээтэй Мандал нэртэй талбай хийхээр ажиллаж байна. Өнөөдрийн хувьд газар шорооны ажлыг хийж харагдлаа. Мандал талбайг чиглэсэн явган болон авто зам, урд хэсэгт машины зогсоол, хойд хэсэгт үйлчилгээний талбай, Хайрхан руу гарах явган замыг нэмж хийхээр төлөвлөжээ.

Цогцолборын ажлыг дүүргийн хөрөнгөнөөс үе шаттайгаар гаргаж буй. Тэгвэл үүнээс гадна энэ жилийн улсын төсөвт Мандал талбайг тохижуулах санхүүжилтыг оруулжээ. Ингэснээр цогцолборын ажил хурдацтай үргэлжилжилнэ хэмээн үзэж байна.

Гэр хорооллын иргэдийн хувьд чөлөөт цагаа өнгөрөөх орчин байдаггүй. Тэгвэл иргэдийн амарч, зугаалах газар нэгээр нэмэгдэж, иргэд аль хэдийн амарч, зугаалахаар энэ талбайг зорьдог болжээ. Цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эцсийн байдлаар ирэх онд дуусч, ашиглалтад өгөх юм. Ингэснээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг арчлалт, хамгаалалт хариуцсан ажиллагсадтай, иргэдийн ая тухыг хангасан цогцолбор нэгээр нэмэгдэх нь ээ.

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж