Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж, хүчит 64 бөхийн барилдаан үргэлжилж байна. Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 давж түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат шинэхэн аварга С.Мөнхбат, ес давж үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын залуу арслан Г.Эрхэмбаяр нар уг наадмыг үзэхээр хүрэлцэн иржээ.
Залуу аварга С.Мөнхбатаас сэтгэгдлийг сонсоход “Баяр наадам сайхан боллоо. Аварга болсондоо үгээр хэлэхийн аргагүй их баяртай байна. Энэ сайхан цолынхоо эзэн нь болж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж явахыг хичээнэ” хэмээлээ.