78 нэрийн сурах бичгийг хэвлэнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

78 нэрийн сурах бичгийг хэвлэнэ

Гурван долоо хоногийн дараагаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жилийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзэх сурах бичгийн хэвлэлтийн ажил үндсэндээ дууссан байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас тодрууллаа.

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сурагчдын сурах бичгийн хэвлэлтийн ажил хэр явагдаж байна вэ?

Засгийн газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэлийн дагуу төрөөс ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь хүүхдүүдэд түгээдэг. Харин VI-XII ангийн сурагчдын сурах бичгийн 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүйгээр сургуулийн номын сангаар дамжуулан олгодог. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд тус тус хамрагддаг.

Энэ жилийн хувьд I-IX ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж дуусаад, хүүхдүүдэд хүрч эхэлж байна. X-XII ангийн сурагчдын 40 хүртэл хувийн сурах бичиг сургуулиудад байгаа учраас ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалт хийхгүй.

Дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичгийн үлдсэн 60 хүртэлх хувийг хэчнээн компани хэвлэж байгаа вэ?

Харин VI-XII ангийн сурагчдын сурах бичгийн үлдсэн 60 хүртэлх хувийг зах зээлээс худалдан авах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбоотойгоор зах зээлд худалдах компаниудтай үнийн хэлцэл хийж БСШУС- ын сайдын тушаал гарч баталгааждаг. Зах зээлд худалдаалах эрх авсан компаниуд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай гэрээ байгуулснаар энэ сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-нийг хүртэл сурах бичгээ худалдаалдаг.

-Орон нутгийн сургуулиудад хэзээнээс сурах бичгийг тараах вэ?

-Орон нутагт сурах бичиг худалдаалах сүлжээ сайн хөгжөөгүй байна. Тиймээс энэ жил яамнаас аймаг, нийслэлийн боловсролын газруудад орон нутгийн сурах бичгийн хэрэгцээгээ судалж, худалдан авах сурах бичгүүдийг хэвлэж буй компаниудтай холбогдон хууль тогтоомжид нийцүүлэн хамтран ажиллах чиглэл өгсөн байгаа. Тэгэхээр энэ жилээс аймаг, нийслэлийн боловсролын газрууд хүүхдүүдээ сурах бичгээ худалдан авахад нь туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллах болно.

-Энэ оны хичээлийн жилд хэчнээн сурах бичгийг улсаас нөхөн хангалтаар хэвлэж байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн нийт 33, VI-XII ангийн 102 нэрийн сурах бичиг хэрэглэгддэг. Үүнээс 2016-2017 оны хичээлийн жилд нөхөн хангалт хийх шаардлагатай I-V ангийн 35, VI-IX ангийн 43 нэрийн нийт 78 нэрийн 1 433 863 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил үе шаттайгаар хийгдэж байна. Одоогийн байдлаар I-VII ангийн сурах бичгийг 100 хувь, дунд ангийн сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Нөхөн хангалтын бүх сурах бичиг энэ сарын 18-нд аймаг, Нийслэлийн боловсрол, соёлын газарт хүрсэн байна.Тэгээд аймаг, Нийслэлийн боловсрол, соёлын газар ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

-Энэ жил шинээр ямар сурах бичиг хэвлэгдэж байгаа вэ?

-Энэ жил шинээр нэг сурах бичиг зохиогдон, хэвлэгдсэн. X-XII ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох болсонтой холбоотойгоор бизнес судлалын сурах бичгийг шинээр зохиосон. Одоогийн байдлаар хэвлүүлэх шатандаа явж байна. Энэхүү сурах бичгийг зохиоход Монгол банктай хамтран ажилласан.

-Бага ангийн сурагчдын сурах бичиг том хэмжээтэй байдгаас хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэсэн шүүмжлэл гардаг. Бага ангийн сурах бичгийг багасгаж болох уу?

-Ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн жин тийм хүнд биш. Бага ангийн сурагчдын нэг сурах бичгийн дундаж жин 225 гр байдаг. Эцэг, эхчүүд хамгийн гол нь хүүхдийнхээ өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй үүрэхэд хөнгөн цүнх авч өгөх хэрэгтэй. Мөн цүнхэнд нь олон төрлийн зүйл хийж, үүрүүлэхгүй байх нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж