Солонгосчууд Лондонд гаргасан алдаагаа дахин давтлаа

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Солонгосчууд Лондонд гаргасан алдаагаа дахин давтлаа

Дэлхийн хошой аварга, Олимпийн багийн аварга, олимп, дэлхийн рекордч БНСУ-ын Ким Ү Жин.

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана. Энэ өдөр олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох хөнгөнатлетикийн тэмцээн эхэлж байгаа бол жүдо бөхийн сүүлийн өдөр.

Мөн олимпийн наадмын нээлтийн өмнөх өдөр эхэлсэн байт харвааны тэмцээн өндөрлөнө. Задгай талбайд болдог болоод ч тэрүү байт харвааны тэмцээн үзэгчдийн үзэх дуртай тэмцээний нэг байдаг. Орон орны мэргэн харваачид зөвхөн 70 метрээс харвадаг. Тиймээс байт харвааны тэмцээн олимпийн наадмын сонирхолтой төрлийн нэг билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харваа болж, солонгосчууд ноёрхлоо дахин харуулж, алт, хүрэл дээр буусан бол тэдний дундуур Германы харваач орсон.

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харваа болж, медальтнууд тодорно. Сонирхолтой нь нээлтийн урьд өдөр болсон урьдчилсан харваанд 700 онож, олимп, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон БНСУ-ын харваач Ким Ү Жин өнөөдөр болох хувийн харваанд оролцохгүй. Урьдчилсан харваанд 700 онож, 64 тамирчинг тэргүүлэхдээ "Лондон 2012" наадамд тогтоож байсан нутгийн тамирчны амжилтаа ахиулсан ч хувийн харвааг үргэлжлүүлж чадсангүй.

Ким Ү Жин 64 тамирчны сүүл мушгисан Зимбабе улсын тамирчинг төвөггүйхэн хожсон ч удаах даваанд Индонезийн Р.Эга Агатад дийлдлээ. Эхний харваанд дэлхийн рекордч 29:27-оор хожсон ч 28:27, 27:24, 28:27-аар Индонезийн тамирчин илүүрхэн шилдэг 32-т шалгарлаа.

Индонезийн харваач Эга Агата урьдчилсан шатанд 660 оноог авч 33-р байрт жагссан байна. Тэр эхний даваанд Хятадын тамирчинг хожин БНСУ-ын Ким Ү Жинтэй таарсан ч хожиж чадсан. Харин түүний дараагийн өрсөлдөгч олимпийн алт, мөнгөн медальт Италийн М.Нэсполи байх юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн хувийн харваа явагдаж медальтнууд тодорно.

Ким Ү Жиний алдаа “Лондон 2012” олимпийн наадамд гаргасан Им Дун Хяны алдаатай адил байлаа. Дөрвөн жилийн өмнө БНСУ-ын Им Дун Хян хувийн харваанд хамгийн өндөр оноо буюу 699 авч дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Харин тэрбээр хувийн харваанд шөвгийн 16-с хэтрээгүй байна. Гэхдээ дэлхийн рекордч маань багийн харваагаас хүрэл авч байжээ.  Тэгвэл солонгосчуудын энэ алдаа дахин давтагдлаа.

Хэдийгээр олимпийн рекордыг тогтоож, хувийн харваанд хасагдсан Ким Ү Жиний хувьд энэ наадмаас хоосонгүй. Тэрбээр багийн харваанд алдаагаа засаж, алтан медаль хүртсэн. Мөн солонгоын эмэгтэй харваачид түрүүгээ алдаагүй.  

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж