“Оюутан цэргүүд” хөтөлбөрт төсвөөс хэдийг зарцуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

“Оюутан цэргүүд” хөтөлбөрт төсвөөс хэдийг зарцуулдаг вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Засгийн Газарт чиглэл өгөх тухай” 92 дугаар зарлиг, Засгийн Газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг 2014, 2015, 2016 онуудад амжилттай хэрэгжүүлээд байна.

"Оюутан цэрэг"-ийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлагууд, БСШУЯ-ны холбогдох удирдлагууд, Монголын оюутны холбоо, их дээд сургуулийн захирлууд, оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцлоо.

2014-2015 онуудад тус хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтыг Улаанбаатар хот дахь их, дээд сургуулиуд дээр БХИС-ийн багш нар удирдан зохион байгуулж, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтыг Хуурай замын цэргийн командлалын удирдлага дор Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хээрийн сургалтын төвд зохион байгуулж явуулсан. 2014 онд Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын 418 оюутан, 2015 онд Улаанбаатар хотын их, дээд сургууль болон анх удаа хөдөө, орон нутгаас буюу Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн нийт 986 оюутан сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан.

Энэ жилийн хувьд тус хөтөлбөрт хөдөө, орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилт тавьж, нийслэлээс гадна Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгийн их, дээд сургуулийн оюутнууд аймаг дээрээ “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад хамрагдаж, улмаар “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад Улаанбаатар хотод Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт-дадлагын төв”-д 741 оюутан, Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан бүрэн хамрагдаж, цэргийн тангараг өргөж байна.

Хөтөлбөрийн санхүүжилтэд улсын төсвөөс 2014 онд 721 сая, 2015 онд 835,1 сая төгрөг, 2016 онд 835,1 сая төгрөг тус тус зарцуулаад байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж байгаа нь олон нийтийн дэмжлэг авах болсон. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсанаар их, дээд сургууль төгсөгчид төрийн албанд орж ажиллах нэг шалгуур үзүүлэлтийг хангах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвийн материаллаг бааз бэхжиж, төрөл бүрийн сургалт явуулах, алба хаах нөхцөл сайжирсан.

Энэ жилийн оюутан цэргүүд цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээлээр жагсаалын бэлтгэл, биеийн тамир, холбооны бэлтгэл, инженерийн бэлтгэл, галын бэлтгэл, тактикийн бэлтгэл, цэргийн байр зүй, амьд гарах ухаан зэрэгт суралцахын зэрэгцээ байлдааны буудлагатай хоногийн хээрийн сургууль хийлээ. Сургалтын явцтай танилцсан их, дээд сургуулиудын ректор, захирлууд, багш, эцэг эхийн төлөөллүүд цэргийн сургалт бэлтгэл хүнийг ингэж их өөрчилж чаддаг тухай, та бүхний хэрхэн төлөвшиж цэгцтэй болсныг чинь магтан, цаашид оюутан цэргийн тоог нэмэх, хөтөлбөрийг өргөжүүлэх талаар санал тавьж байв. Энэ жилийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн сургалтын шалгалт, шалгуурыг давж өнөөдөр цэргийн тангараг өргөсөн оюутан-цэргүүдийн 90 гаруй хувь нь Онц, Сайн дүнтэй суралцаж, 200 шахам оюутан Онц буудагч болсон төдийгүй 100 гаруй залуус сонс эргэж сурсан байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ: “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан Цэргийн албаны тухай хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусгаад байна. Хууль батлагдсанаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах оюутан, залуучууд цэргийн бэлтгэл үүрэгтэн болох юм. Хөдөө, орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулах, өргөжүүлэх бодлого үргэлжлэх болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж