Дараагийн медалийн даруухан хүлээлт

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

Дараагийн медалийн даруухан хүлээлт

Олимп эхэлснээс хойш өнөөдөр анх удаа Риод зүсэр бороотой өнжлөө. Өглөө бүр ялалтын төлөө дэвжээнд гарч байгаа тамирчдынхаа ялагдлын гашуун мэдрэмжтэй эвлэрч уулзах шиг хүнд үе их олимп дундуур олон тохионо. Тамирчид маань санаандаа хүрч чадаагүй, тийм нэгэн хатуу өдрийн ард гарч байна.

Боксчид ялж, нэг даваа давлаа. Гэсэн ч гарцаагүй медальд хүрэх байсан Л.Отгонбаатар гэмтлийн улмаас санаснаараа барилдаж чадалгүй, харууслын нулимстай олимпийг орхилоо.

Жүдоч Д.Сумъяагийнхаа мөнгөн медалийг даруухан ёсолсон Монголын баг дараагийн медалиа даруулгатай хүлээсээр… Олимпийн мөнгө, одоогоор бидэнд ирсэн цорын ганц медалийн эзэн Д.Сумъяа маань ч баяр хөөрөө битүүхэн дарж, багийнхаа бусад тамирчдын барилдаанд анхаарал нь чиглэжээ. Ямар ч тэмцээн ийм л байдаг. Аварга болсон ч, медаль авсан ч өөрийн хэрэг бүтлээ гэж хөөрч хөөрцөглөдөггүй ээ.

АНХЦЭЦЭГИЙН АНХНЫ ОЛИМП АЛДААТАЙ, ОНООТОЙ

Олимпод оролцож байгаа 207 орноос одоогийн байдлаар 36-д “давхиж” яваа Монголын багийн хамгийн залуу тамирчдын нэг М.Анхцэцэг өчигдөр /VIII.10/ анхаарлын төвд байлаа. Олимпод ирэхээсээ өмнө насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, залуучуудын Дэлхийн аваргад дараалан түрүүлж, уяа сойлгоо жин тан жигдэлсэн залуухан туйванчаас олимпийн медаль хүлээж байсан олон хүн бий. Учир нь М.Анхцэцэг энэ жил 75 кг-ын жинд Ази тивийн аварга болохдоо огцом өргөлтөө 112 кг, түлхэлттэй өргөлтөө 132 кг-ыг /Нийлбэр 244 кг/ төвөггүй өргөж, ердөө сар гаруйн өмнө залуучуудын Дэлхийн аварга болохдоо огцом өргөлтөө 115, түлхэлттэй өргөлтөө 138, нийлбэр 253 кг-аар гүйцэтгэж байлаа. Бэлтгэл дээр ч гэсэн төвөггүй өргөдөг захиалгаа олимпод гүйцэлдүүлэхэд юу саад болж, хаана алдаа гарсныг М.Анхцэцэг болон түүний багш нар олимпиос авсан их туршлагаасаа тунгаан бодох биз ээ. М.Анхцэцэг энэ удаа огцом өргөлтөө 106 кг, түлхэлтээр 131 кг, нийлбэрээр 237 кг өргөж, анхны олимпдоо наймдугаар байр эзэллээ. Тивийн аварга, дэлхийн аварга болохдоо 75 кг-д өрсөлдсөн бол олимпод жин доошилж, 69 кг руу буусан. Түүний өрсөлдсөн жинд Хятадын тамирчин нийлбэр дүнгээр 261 өргөн түрүүлж, Казахстан /259/, Египет /255/-ийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Хүндийг өргөлтийн төрөлд Монголын нүүрийг олон жил тахалсан Н.Баярмаа 2004, 2008 оны олимпийн наадамд оролцохдоо Афинд 195 кг өргөж, 14-р байр, Бээжинд 213 кг өргөж, аравдугаар байр эзэлж байсан бол 18-хан настай Анхцэцэг анхны олимпдоо дэлхийн шилдэг найман тамирчны нэг болж, нэрээ дансалсныг бид яахын аргагүй АМЖИЛТ хэмээн хүлээж авах учиртай.

Сэргэлэн цовоо, тайван амгалан, гол нь төрөлхийн авьяастай, дээр нь нас залуу энэ охины спортын карьерт гайхалтай ирээдүй байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

АВАРГА АВАРГАА ДЭМЖИНЭ

Өнөөдөр Монголын багийн хувьд, тэр тусмаа жүдочдын хувьд хамгийн чухал өдөр. Олимпийн алт, мөнгөн медальт, Монголын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр бүх монгол хүний итгэл найдварыг тээн, гурав дахь олимпдоо зодоглоно. Гурав дахь медаль энэ агуу аваргын энгэрт гялалзахыг хэн ч үгүйсгэх аргагүй.

Өнөөдөр түүнийг дэмжихээр нэг олимпиос алтан шаргал медаль зэрэг хүртэж асан Э.Бадар-Ууган аварга жүдогийн “Carioca” ордонд ирэх гэнэ. Аварга жүдочтой, алтан дэмжигчтэй энэ өдөр тамирчид маань алтан медалийн буухиаг залгуулах болтугай.

Б.БАДМАА /Рио-де-Жанейро/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж