Монгол, Солонгосын уран бүтээлчид чуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

Монгол, Солонгосын уран бүтээлчид чуулж байна

“Шинэ мянган" утга зохиолын нэгдлээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан утга зохиолын семинар өнөөдөр /2016.08.11/ 11 цагаас Үндэсний төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд эхэллээ.

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Г.Сонинбаяр “Энэхүү семинар нь Монгол, Солонгосын утга зохиолын нэн шинэ бүтээлүүдийг орчуулж, хоёр орны уншигчдад хүргэх зорилготойгоор анх зохион байгуулж байсан. Энэ жил БНСУ-ын утга зохиолын академийн гишүүн 11 зохиолч хүрэлцэн ирж, оролцож байна. 1990 оноос хойш Солонгосын зохиолчдын яруу найргийн цөөнгүй түүвэр монгол хэл дээр гарсан. Гэхдээ л Монголоос Солонгос, Солонгосоос Монгол хэл руу орчуулдаг мэргэжлийн орчуулагч шаардлагатай байгаа. Мөн сүүлийн үед Солонгос улсын зохиолчдоос өрнийн өнгө аястай, хийсвэр шинэлэг сэтгэлгээний уран бүтээлүүд төрөн гарах болсон нь ажиглагдаж байна” гэв.

Энэхүү семинарт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг “Солонгосын утга зохиол Монголд”, БНСУ –ын яруу найрагч Ким Йен “Монгол Солонгосын утга зохиолын хамтын ажиллагааны утга учир”, На, Хе Гйен “Солонгос дахь модернизмын эхэн үе” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх гэнэ.

Солонгосын утга зохиолын академийн ерөнхийлөгч Ким Ханьчеан хэлэхдээ “Энэхүү семинарыг зохион байгуулснаар цаашдаа монгол зохиолчдын зохиолыг солонгост, солонгосын зохиолчдын бүтээлийг монголд танин мэдүүлэх ач холбогдолтой юм. Монгол, Солонгос хэлнээс орчуулга хийдэг амархан байдаг. Учир нь энэ хоёр орны хэл хоёулаа алтайн хэлний бүлэгт багтдаг. Мөн өгүүлбэрийн бүтэц, дэс дараалал нь адилхан байдаг” хэмээн ярилаа.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач Ч.Билигсайхан, яруу найрагч Л.Нямаа, яруу найрагч Т.Галсан нарын санаачлагаар Монгол, Солонгосын утга зохиолын семинарыг зохион байгуулж байжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол, Солонгосын утга зохиолын семинарыг Монгол болон БНСУ-д гурван удаа зохион байгуулж, хоёр улсын зохиолч, яруу найрагчдын бүтээлийн гурван эмхэтгэлийг хэвлэн гаргасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж