Саяхан Оросын тундрт цаа буга бөөнөөр үхсэн хэрэг гарч сүүлийн 75 жилийн дотор тэнд анх удаагаа шүлхий бүртгэгдлээ. “Сибирийн яр” гэх шүлхийн онош 23 хүнд тавигджээ. Одоо Сибирийн хойд хэсгийн Салехард хотын эмнэлэгт 90 хүн энэ өвчний сэжгээр эмнэлэгт байгаа ажээ. Харин 12 настай нэг хүү нас баржээ.
Халдварын голомтоос 160 цаатанг аюулгүй газар луу нүүлгэсэн байна. Ямалын районд хөл хорио тогтоож, бүс нутгийн эрх баригчид шинэ урцыг нь босгоход зориулан 90 сая рубль гаргахаар шийдээд байгаа.
Ариутгал идэвхтэй хийгдэж байна. Нийт 40 мянган цаа бугад урьдчилан сэргийлэх тариа хийсэн гэнэ. Өвчин тархах аюул байхгүйг эрх баригчид хэлж байна.
Хойд хязаарт ер бусын халуун зун болж байгаа нь өвчин дэгдэх шалтгаан болсныг нутгийн эрх баригчид мэдэгдлээ. Ямалад хоёр сарын турш 35 хэмийн халуун байв. Үүний улмаас мөнхийн цэвдэг хайлан хэдэн зуун жилээр хөлдөн хадгалагдаж ирсэн өвчний вирусын өсвөр үүсчээ.
Даяарчлалын дулааралтай холбоотой аюул гарч байгааг дэлхийн шинжээчид өмнө ч дуулгаж байлаа. Шувууны томуугийн өсвөрийн дэгдэлт нь бас л тундр хайлсантай холбогдож ирсэн юм. Дэлхийн олон орнууд даяарчлалын дулаарлын үр дагаварыг мэдрээд ирсэн бол Оросын хойд нутагт тэр нь бараг мэдэгдээгүй юм. Шүлхий гарсан нь түүний анхны дохио бололтой.
Тайвшралгүй дүгнэлтүүд
Халуун байгаагийн улмаас дэлхийн хөдөө аж ахуйн орнуудын хүн амын хөдөлмөрийн чадвар буурна гэдгийг НҮБ өмнө нь сануулсан билээ. Нэн ялангуяа, Азийн бүсийн 43 оронд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл унахыг хэлсэн юм. Тухайлбал, Индонези, Тайландад ДНБ-ний үйлдвэрлэл зургаан хувиар унах бөгөөд тэр уналт нь Энэтхэгт 3,2 хувь, Хятадад 0,8 хувь байх ажээ.
Гэхдээ, өндөр хөгжилтэй орнуудад халуунаас болон хөдөлмөрийн чадвар буурах магадлал бага. Дунд ба сул хөгжилтэй орнуудад л илүү их хохиролтой болно гэж НҮБ дүгнэсэн байгаа.
Цаг уурын өөрчлөлт нь ихэвчлэн хүний эрүүл мэндэд нөлөөлөх юм. Цэвэр агаартай байх зарлага ихсэнэ. Ундааны усны аюулгүй байдлыг сахихад бас хүндэрнэ. Хангалттай хэмжээний хоол хүнс, найдвартай орон гэрээр дутагдах ажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 2030-2050 онуудын хооронд жилдээ 250 мянган үхэл гарч байх юм. Эдийн засгийн өсөлт, эрүүл мэндийн салбарт дэвшил гарах авч тэр нь эдгээр үхэлд нөлөөлөхгүй ажээ.
Хэтэрхий халууны улмаас 38 мянган хөгшид нас барах бөгөөд гэдэсний суулгаар 48 мянга, халуун хижгийн улмаас 60 мянга хүн амиа алдана. Өөр 95 мянган хүүхэд дутуу хооллолтын улмаас жилдээ мөнх бусыг харуулна гэж эмч нар дүгнэв.
Агаарын тундасны хувиарлалт нь ундааны усны нөөцөд нөлөөлөх юм. Усны хомсдол хүн амын ариун цэврийн төвшинд нөлөөлөн цусан суулга дэлгэрэх магадлалыг ихэсгэх юм. Жилдээ таван нас хүртэлх 760 мянган хүүхэд нас барна.
Ган гачиг өөрөө өлсгөлөнг дагуулах бөгөөд тундас уналтын өөрчлөлт нь ядуу бүс нутгийн хүнсний үйлдвэрлэлийг бууруулах юм. 2020 он гэхэд Африкийн зарим орнуудад бууралт нь 50 хувьд хүрнэ. Тэр нь хүнсний дутагдлыг авчрах ажээ. Өнөөдөр хүнсний хомсдлын улмаас жилдээ 3,1 сая хүн мөнх бусыг үзүүлж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас Хятадад нялцгай биетээр дамжин халдварладаг шистосомоз өвчний гаралт нэмэгдэх гэнэ.
Африк тивд халуун хижиг газар авч жилдээ бараг 600 мянга орчим тав хүртлэх насны хүүхдүүд нас барж байх гэнэ. Денге өвчний вирус тараагч Aedes шумуулууд цаг уурын өөрчлөлтөөс болон эрчимтэй өсөх бөгөөд денге хижгийн тарах магадлалыг ихэсгэнэ.
НҮБ-ын илтгэлд тэмдэглэснээр, сүүлийн 130 жилийн дотор агаарын хэм ойролцоогоор Цельсийн 0,85 хэмээр тэнцвэртэйгээр нэмэгджээ. Гэхдээ сүүлийн 25 жилийн дотор даяарчлалын дулаарлын хурд ихсэн арван жилдээ 0,18°С болсон байна. Гэнэтийн шинжтэй цаг уурын үзэгдлийн тоо бас нэмэгдлээ.
Усны төвшний нэмэгдэл
Америкийн Zillow гэх үл хөдлөх хөрөнгийн сайтад бичснээр усны төвшин нэмэгдэх нь байр сууцны эздэд 882 тэрбум ам.долларын хохирол авчрах ажээ. Nature гэх шинжлэх ухааны сэтгүүлээс явуулсан судалгаагаар энэ зууны төгсгөл рүү усны төвшин нь зургаа гаруй футаар (1,83 метр) нэмэгдэх магадлалтай.
Хэрэг явдал ингэж өрнөвөл, Флорида мужид нэг сая байр сууц хаягдах нь бүх орон сууцны 13 хувьтай тэнцэнэ. Энэ нь захиргааны болон худалдааны барилга байшин, дэд бүтцийг нь оруулан тооцохгүй байсан ч 400 тэрбумын зарлага болох юм.
Ийм дүгнэлтийг дээрх сайтын шинжээчид хийхдээ Агаар мандал, далай судлалын үндэсний газрын усны төвшин нэмэгдэх асуудлаар гаргасан үнэлгээтэй харьцуулан гаргасан байлаа. Шинжээчид зөвхөн АНУ-ын засаг захиргаанд ч биш бусад засгийн газруудад хандан энэ асуудалд анхаарч хамгаалалтын байгууламж босгоход хөрөнгө гаргахыг уриалжээ. Гэхдээ л тийм хөрөнгө гаргалаа гэхэд хохирол мэдэгдэхүйц л байх юм. Zillow сайтын шинжээчдийн зөөлөн үнэлгээгээр далайн төвшин хоёр футаар (0,61 м) дээшлэхэд АНУ-ын байр сууцны хохирол 74 тэрбум ам.доллар байх бөгөөд хамгийн их 17 тэрбумын хохирол Флорида мужид ноогдож байна. Хохиролын хэмжээг живэх эрсдэлтэй байр байшингийн тоо, ба үнээс нь хамааран гаргасан байна.
Үйл явдлын хамгийн муу өрнөлөөр, Нью-Йорк хот 27 тэрбум долларын өртөгтэй 32 мянга орчим байр байшингаа алдах юм.
Ус шинэ дайны шалтаг болно
Даяарчлалын дулаарлын бас нэг сөрөг үзэгдэл байгаа. Хэрэв дэлхийн нутаг орны нэг хэсэгт ус хангалттай, нөгөө хэсэгт нь хомсдолтой байх юм бол ус нь чухал нөөцүүдийн нэг болох юм.
Дэлхийн агаарын хэм өсөхөд хуурайшилтай бүс нутаг хөрсний уснаас ихээхэн хамааралтай болно. Гэтэл тэр нөөц нь бас л шавхагдаж байгаад асуудал оршино. Тундас бага унахад хөрсний ус төлжихгүй. Өмнөх судалгаанууд нь дэлхийн янз бүрийн бүсийн усны нөөц хомсдож байгааг харуулж байсан юм. Энэ нь хөдөө аж ахуйд гай тарих болно гэж байлаа.
Нөгөө талаасаа илтгэлд Хойд Амазон, Миссури голын сав нутгаар илүү чийглэг болж байгааг хэлсэн байна. NASA дээрх илтгэлийг 2002-2014 онуудын хооронд сансраас авсан мэдээлэлдээ тулгуурлан гаргажээ. Энэ үеэр АНУ-ын баруун өмнөд хэсэг, Энэтхэг, Хятад ба Хойд Африк, Ойрхи Дорнодод хуурайшилт нэмэгджээ.
Ийм судалгаа нь дэлхийн янз бүрийн бүсүүдийн усны тэгш бус байдлыг хэрхэн устгах вэ гэсэн асуудлыг үүсгэж байна. Ус өнөөгийн алт шиг үнэтэй болох уу?
Баян орнуудын ДНБ-ний уналт
Баян орнуудын тухайлбал, Герман, Франц зэргийн орнууд халуунд тэсвэртэй нь тэдний арай сэрүүн бүсэд байдгаар тайлбарлагдана. Тиймээс арай халуун байхад ч гэсэн тэнд эдийн засаг өндөр өсөлттэй байгаа юм.
Гэтэл АНУ, Австрали зэрэг орнууд илүү халуун бүсэд байрлах учир эдийн засаг нь халуунаас хэлмэгддэг. Хэрэв зарим орнуудыг тусгайлан авч үзвэл, Америкт халуун өдөр бүр ( хоногтоо 24-27°) хүний орлогыг дундажаар 20 хувиар буулгаж байна. Үүнийг Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо өгүүлжээ. Маш халуун өдөр (30°C хэмээс дээш) нь хүний орлогыг 28 хувиар унагаж байна.
Халуун өдрүүдийн тоо нэмэгдэж байгаа нь адилхан нэгэн байгуулжийн ажилд нэмэлт хүч, нэмэлт зарлагыг шаардаж байна. Цаг агаараас хамааралтай салбарт Америкийн хөдөлмөрийн нөөцийн 28 хувь ажиллаж байгаа.
Улс орнууд халууны сөрөг үр дүнг бууруулж болно. Гэхдээ хиймлээр агаарыг хөргөх нь зарлага ихтэй ажил юм. Сингапурт гэхэд л салхивчийн төрөөрөмжүүд байрны цахилгааны 40 хувийг хэрэглэж байгаа юм.
Хэрэв даяарчлалын дулаарлын эсрэг юу ч хийхгүй бол дэлхий 2100 он гэхэд бүх цахилгааны хэрэглээний 83 хувийг салхивч, хөргөгч, сэнс зэрэгт ашиглах болно. Даяарчлалын дулаарал нь баян орнуудад зөвхөн хөдөлмөрийн чадвар унасны гайг авчирч байгаа юм биш. Цаг уурын өөрчлөлт нь зөвхөн агаарын хэмийг нэмэх биш байгалийн салхи шуурга мэтийн элдэв хөнөөлийг ихээхэн авчрах болно. Ихэнх том хотууд далайн эргээр байрлах учир өндөр зарлагатай хамгаалалтын далан зэргийг босгоход хүрнэ.
Хэрэв баян оронууд яаж ийгээд даяарчлалын дулаарлаас хамгаалж чадлаа гэхэд дагавар үзэгдэл бас л тэдэнд нөлөөлнө. Цаг уурын үзэгдэлд эмзэг бүсүүдтэй хийх наймаа буурахаас гадна цагаачдын тоо эрс өсөх юм.
Хойд бүсийн дэд бүтэц
Өмнөд бүсүүд асуудал ойлгомжтой, ган гачиг, усны хомсдол. Энэ нь амжиргаанд нөлөөлнө. Гэхдээ хойд бүсүүдэд бас хохирол их байхыг Аляскийн жишээнээс харж болно. Сүүлийн жилүүдэд Аляскийн гол авто замын хөрсний гадрага нь нүүн замыг эвдлэх боллоо. Одоо зам дээр сануулах тэмдгийн тоо эрс нэмэгдээд байгаа юм.
Инженерүүд хөргөх хоолой зэргийг тавихаас эхлээд элдэв аргыг боловсруулж эхлээд байна. Илүү цайвар асфальт хэрэглэхийг бас туршиж байгаа. Гэтэл тэр бүгд нь зарлага өндөртэй. Өнөөдөр авто зам нь Аляскийг төвтэй холбодог. Тэр замаар хоол хүнс, бараа зөөгдөж, жуулчид мөн түүгээр орж ирдэг.
Цайвар асфальт нь гэрлийг ойлгож, замын хоёр тал нь ус цасыг барьж байдаг. Гэтэл хэт дулаарал нь мөнхийн цэвдгийг эвдлэн хөрсийг нүүлгэх болов. Одоо байгаа олон тооны замууд ирээдүйн их хохиролын шалтгаан болох юм. Дулаарал нь бүтээн босголтын стандартыг өөрчлөх учраас олон тооны зам гүүр зэргийг шинэ барих шаардлагатай болж байна.
Мөн энэ дулаарал нь онгоцны буудлыг шинэчлэхэд хүргэнэ. Амьтдын нүүдэл ч өөрчлөгдөх юм.
Даяарчлалын дулаарал ба өвчин
Даяарчлалын дулаарал нь янз бүрийн төрлийн оршин амьдрах орчныг өөрчлөх бөгөөд тэр нь хүн амьтан, тариалангийн ургамалуудад консервлагдсан байсан элдэв вирустай аюултай өвчнийг гарган ирнэ гэж эрдэмтэд хэлж байгаа. Үүний улмаас Эбола вирустай төстэй олон өвчний дэгдэлтүүд гарах эрмэгт ирээд байна.
Орон нутгийн чанартай олон тооны өвчний голомтууд гарч ирэх нь эмнэлэгийн албаны ачааллыг эрс нэмэгдүүлэхээс гадна олон хүний үхлийг авчирна. Эрдэмтдийн тэмдэглэснээр, сүүлийн 30 жилд туйлын орчмын районууд, халуун бүсийн нутгийн янз бүрийн эко тогтолцоонд нянгууд хүч түрэн нэвтэрсэн байна. Үүний улмаас орон нутгийн өвчний голомтууд нэмэгдэх эрсдэл улам ихэсчээ. Энэ удаагийн тундрт шүлхий нь мөнхийн цэвдгийн хайлалтын улмаас хөлдөн хадгалагдаж байсан вирус ил гарсантай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.
Бэлтгэсэн. Ш.МЯГМАР