Засгийн эрхийг авсныхаа дараахан Монголын эдийн засгийн талаар МАН-ынхан дараалсан том мэдэгдлүүд хийлээ.
Хамгийн түрүүнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын төв банкны нөөцөд нэг ч доллар байхгүй, харин ч хасахтай явааг мэдээлсэн билээ. Үүнээс хэдхэн хоногийн хойно, өнгөрөгч мягмар гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдал 1.8 их наяд хүрч, эдийн засаг бараг л дампуураад байгааг зарлав.
Эдийн засаг тун хүнд байгаа нь үнэн л дээ. Гэхдээ энэ нь өчигдөрхөн ч юм уу эсвэл өнгөрсөн дөрвөн жил бий болчихсон “сүнс, сүүдэр” гэвэл өрөөсгөл дүгнэль. Үе үеийн парламент, Засгийн газрын алдаатай бодлого, намуудын улстөржилт, хоорондын талцал, засаглалын хямрал гээд өнгөрсөн 26 жилийн явцад улс төрөөс хараат эдийн засагт урт удаандаа бий болсон сөрөг үр дагавар. Тухайлбал, сонгуулийн амлалт, МАНАН-гийн засаглалын буруу бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн хуулиуд, хууль эрх зүйн тогтворгүй орчин, хууль, татварынхны ил цагаан дээрэм, авлига гээд олон, олон жижиг, том хүчин зүйлс нийлээд эдийн засагт томоос том хорт хавдар үүсгэсээд байна. Энэ бүхэнд, тодруулбал, эдийн засгийн энэ хямралд Ардчилсан нам ч, Ардын нам ч адилхан буруутай гэж хэлж болно.
Тавантолгой, тавдугаар цахилгаан станцыг барих гээд эдийн засагт хэрэгтэй чухал төслүүд эргэлтэд орж чадахгүй арав, хорин жил болж байна. Анх удаа Ардын нам засаг барьж байгаа ч юм биш, энэ бүхэн ганцхан Ардчилсан намаас ч болчихсон хэрэг биш л дээ. Хоёулаа л эдийн засгийнхаа эрх ашгийг биш намынхаа, фракциудынхаа, хувь улстөрчдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьсны л үр хөврөл нь өнөөдрийн эдийн засагт хямрал болон харагдаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тэд л засгийн эрхийг дангаараа болон хамтдаа барилцаж, хамтдаа бодлого, шийдвэр гаргаж яваагүй гэж үү? Дээр нь мэдээж Монголыг дэлхийн зах зээлийн уналт, Хятадын эдийн засгийн саармагжилт тойроогүй нь тодорхой. Гэхдээ хамгийн гол үндэс нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх урт удаан хугацааны тогтвортой бодлого байдаггүй. Дөрөв, дөрвөн жилийн циклтэй ялсан намын бодлого л өнгөрснө хуганцаад үйлчилсээр ирсэн, үүнийгээ л өнөөдрөөс эхлээд засч эхлэх хэрэгтэй байна.
Түүнээс Ардын нам төсөөлж байснаасаа ч хүнд, сохор зоос ч үгүй улс хүлээж авсан байж болно. Гэхдээ ингэж тоон үзүүлэлтүүдээ ил тод хэлж, дампуурлаа зарлах нь гадаад зах зээлд сөрөг “мессеж” болон очих магадлал өндөр. Ардын намынхны тайлбарлаж байгаа шиг эдийн засгийнхаа байр байдлыг иргэддээ илэн далангүй мэдээлж болох ч энэ нь Монголын зээлжих зэрэглэл, гаднаас татах хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх, цаашлаад эдийн засагт паник үүсгэх үгүйг нь ч давхар тооцох ёстой байлаа.
Ардын намынхны дараалсан мэдэгдлийн араас Ардчилсан намын экс дарга З.Энхболд, хотын экс мэр Э.Бат-Үүл нар мэдээлэл хийхдээ Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар залруулж болохгүй алдаа хийснийг дурдаад “Төсвийн зарлагын реформоо хийж, төсвийнхөө зарлагыг бууруулдаг болохоос биш байхгүй алдагдлыг байгаа мэтээр гаргаж олон улсын санхүүгийн зах зээл дээр буруу дохио өгч Монголын рейтингийг унагааж” буйг нь сануулав. Уг нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, үгүйдээ л экс Сангийн сайд Б.Болор ч юм уу эсвэл С.Баярцогт гарч ирээд сонгуулийн дараа ямархуу эдийн засаг МАН-д хүлээлгэж өгснөө тайлбарласан бол илүү үнэмшилтэй сонсогдох байлаа.
Үнэнийг хэлэхэд Ардын намын төр, Ардчилсан намын төр гэж хэзээ ч байх ёсгүй бөгөөд зөвхөн Монголын төр гэж байдаг. Тэр утгаараа Ардчилсан намын эхлүүлсэн зөв, зүйтэй ажлуудыг нь дэмжээд алдаатай бодлогыг нь засч залруулах нь засгийн эрхийг гартаа авсан олонхийг хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн.
Түүнээс нөгөө л увайгүй улстөрөө хийгээд, аль нэг асуудлыг дэвэргэж, Ардчилсан намыг муу, муухай харагдуулахын тулд Монголын эдийн засгийг бүхэлд нь хорлон сүйтгэж боломгүй.
Тэгээд ч 2008-2012 оны үед Ардын намын засаг 800 тэрбум төгрөгийг “Эх орны хишиг” нэрээр иргэдэд тараагаагүй бол эдийн засаг ингэтлээ доройтохгүй байсныг ч эдийн засагчид өнөөдөр ч сануулсаар байгаа. Ардын намын үед олсноо эрх орны хишиг нэрээр тараасан бол Ардчилсан намын үед байхгүй мөнгийг "сайн хувьцаа" нэрээр салхинд цацсан нь худлаа биш. Чухамдаа өнөөгийн эдийн засаг хямрах, хүндрэх олон шалтгаануудын нэг нь олсон, олоогүй мөнгөө сонгуульд зарцуулж, сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хавтгайрсан халамж тараадаг явдал. Тиймээс эдийн засгийн хямралд С.Батболдын засаг ч, Ч.Сайханбилэгийн засаг ч аль аль нь буруутай гэсэн үг.
Тавантолгой, тавдугаар цахилгаан станцыг барих гээд эдийн засагт хэрэгтэй чухал төслүүд эргэлтэд орж чадахгүй арав, хорин жил болж байна. Анх удаа Ардын нам засаг барьж байгаа ч юм биш, энэ бүхэн ганцхан Ардчилсан намаас ч болчихсон хэрэг биш л дээ. Хоёулаа л эдийн засгийнхаа эрх ашгийг биш намынхаа, фракциудынхаа, хувь улстөрчдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьсны үр хөврөл нь өнөөдрийн эдийн засагт хямрал болон харагдаж байгаа юм.
Үнэндээ бол үүссэн хямрал дээр өнгөрсөн дөрвөн жилийн Ардчилсан намын фракци хоорондын зөрчилдөөн “давс үрсэн” нь үнэн. Ардын намын ч давхар улстөр “шингэсэн” нь бас үнэн. Дээр нь Г.Уянга, С.Ганбаатар, Х.Баттулга нарын хувийн тоглолт Монголын эдийн засгийн хямрал дээр нэрмээс болсон нь худлаа биш. "Эх оронч"-ийн далбаан дор эдийн засгаа хорлон сүйтгэсэн нь Монголын парламентад олон байсан. Одоо тэгвэл популизмаа ч, улстөрөө ч зогсооё.
Учир нь дээр, дооргүй улстөржиж, хэрэлдэж, наадамлаж, найрлаж суух хугацаа эдийн засагт маань үлдсэн бил үү. Энүүхэндээ гэхэд хэрүүл хийгээд хямралаас гарчихдаг байсан бол гарахаар л цаг хугацааг монголчууд талцаж, хэрэлдэж, улстөржиж, уралцаж өнгөрөөлөө шүү дээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг тат, татварын болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүл, авлига авахаа боль, мега төслүүдээ явуул, төр хувийн хэвшлийнхний ажилд хуруугаа бүү хэл хушуугаа дүрэхээ зогсоо.
Монголын эдийн засгийг нурааж, сүйтгэж, өрөнд унагаж, өтөнд бариулсан нь чухамдаа АН, МАН хоёулаа. Өнөөдөр хэн хэн нь “Хэрээ, хэрээнийхээ харыг гайхах” юун.