“Сорви”, “Гутамшиг”, “Дахин уулзалт”, “Хоёр ертөнц” зэрэг өвөрмөц нэртэй 20 гаруй уран бүтээлийг сонирхуулсан “Зүй тогтол” хэмээх үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.
Энэ сарын 8-наас үүдээ нээсэн уг үзэсгэлэнг залуу уран бүтээлч Б.Намуун, Ц.Ган-Эрдэнэ болон Монголын урчуудын эвлэлийн шагналт А.Очирболд нар хамтран гаргаж байгаа ажээ.
“Зүй тогтол” хэмээх үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт Монголын урчуудын эвлэлийн шагналт А.Очирболдын “Гутамшиг” гэх бүтээл байрлана. Тэрээр үхрийн гүзээг төмрөөр бүтээсэн бөгөөд гүзээний сэвсийг шавраар дүрсэлжээ.
Энэ бүтээлийнхээ талаар барималч А.Очирболд тайлбарлахдаа “Зүй тогтол гэгч өөрөө зөв байх агуулгыг илэрхийлж байдаг. Гэтэл хүмүүний амьдралын зүй тогтол буруу тийшээ явж байгааг энэ бүтээлээрээ илэрхийлж байгаа юм. Хүн төрөлхтөн байгалийн нэг хэсэг гэдгээ умартаж, өөрсдийгөө бүхнийг бүтээгч гэж тунхаглаж байгаа нь хөгжил дэвшил бус эсрэгээрээ гутамшиг болж байна гэдгийг хэлэхийг хүссэн юм” гэв.
Уг үзэсгэлэнгийн танхимд байрлах “Сорви”, “Гутамшиг” зэрэг инстоляци бүтээлээс гадна тосон болон эсгийгээр бүтээсэн уран зургууд өлгөөтэй байх аж. Тэр дундаас уран бүтээлч Ц.Ган-Эрдэний эсгийгээр бүтээсэн “Мазаалай” хэмээх уран бүтээл анхаарал татаж байв.
Түүний энэ бүтээлийг харахад мазаалай баавгайг илэрхийлсэн дүрслэл нүднээ шууд тусахгүй боловч их говийн араншин, байгалийн өнгөөр дамжуулан мазаалайг үзүүлж буйг мэдрэх болно.
Тэрээр монголын говь нутагт нэн ховордож буй мазаалай баавгайг илэрхийлэхдээ хонины ноос болон тэмээний хөөврийг ашигласан байна.
Ийн сонин бөгөөд өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх “Зүй тогтол” үзэсгэлэн энэ амралтын өдрүүдийг дуустал олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэгдэх юм.
Дашрамд дуулгахад энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд энэ сарын 17-нд ХБНГУ-ыг зорих гэнэ. Учир нь залуу уран бүтээлч Б.Намуун “Араг” хэмээх уран бүтээлээрээ ХБНГУ-ын Мюнстэр хотноо анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах бол зураач Ц.Ган-Эрдэнэ ирэх сарын 30-нд ХБНГУ-д бие даасан үзэсгэлэн гаргах гэнэ. Мөн зураач Ц.Ган-Эрдэнэ, Монголын урчуудын эвлэлийн шагналт А.Очирболд нар аравдугаар сарын 16-нд ХБНГУ-д “Морь” хэмээх хамтарсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа ажээ.