Г.Тэмүүлэн хоёр дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн хоёр дахь түрүүгээ авлаа

Эрлийз буюу шинэ монгол адууны дунд насны морьд барианд орлоо. Энэ уралдаанд 56 хурдан хүлэг бүртгүүлснээс 41 гарааны зурхайгаас эргэж Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн хар үрээ түрүүлж торгон жолоо өргүүллээ. Дааган цагаасаа эхлээд улс бүсийн наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан хар үрээг 069 дугаартай 13 настай Наранбаатарын Мөнх-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Пэрэнлэйн бор халзан үрээ хурдаллаа. Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айрагдаж байсан бор халзан үрээг 199 дугаартай 11 настай О.Эрдэнэбат унаж хурдлуулсан юм.

Айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын А.Нямхүүгийн зээрд халзан үрээ хурдаллаа. Халзан үрээг 066 дугаартай О.Батсүх унаж хурдлуулсан.

Айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Далайн хээр үрээ хурдаллаа. Хээр үрээг 005 дугаартай 10 настай Д.Даваа унаж хурдлуулсан юм. Дашрамд сонирхуулахад Б.Далай АХ-ын 90 жилийн ойгоор хязаалан түрүүлгэсэн хийморьтой нэгэн юм.

Харин айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Пэрэнлэйн загал халзан үрээ хурдаллаа. Өнгөрсөн жил төрийн наадамд айрагдаж байсан загал үрээг 198 дугаартай 11 настай М.Отгонбаатар унаж хурдлуулсан юм.

А.Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж