-Энэ оны хоёрдугаар улиралд тус компани 126 сая долларын татвар төлж, 136 сая долларын худалдан авалт хийжээ-
“Оюутолгой” компани нь хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани энэ оны хоёрдугаар улиралд 329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь алтны борлуулалт багассантай голчлон холбоотой юм байна. Харин баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй нь дүйцжээ.
Тайланд дурдсанаар “Оюутолгой” 2016 оны хоёрдугаар улиралд 126 сая ам.долларын татвар, хураамж төлсөн бол 136 сая ам.долларын үндэсний худалдан авалт хийжээ. Үүнээс 35 сая ам.долларыг Өмнөговь аймгаас бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан талаар тайландаа тусгажээ.
Тэрчлэн зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч, зургадугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалжээ. Харин хоёрдугаар улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байна. 2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан байна.
Тус компани боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд ойролцоогоор 49,000 ам.доллар, тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдэд 5.9 сая ам.доллар зарцуулжээ. Тус компани өнгөрсөн зургадугаар сард “Жэкобс инженеринг групп”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулсан бол долдугаар сард “Тийсс”, “Хишиг арвин” компанийн түншлэлтэй гэрээ байгуулж, үйлчилгээний болон туузан дамжуулгын хонгилын ажил гүйцэтгүүлэхээр болсон. 2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулаад байгаа юм байна.
Б.БАТ