МАН хулгай, хууль бус газрын наймаагаа санагалзав уу?

Хуучирсан мэдээ: 2016.08.13-нд нийтлэгдсэн

МАН хулгай, хууль бус газрын наймаагаа санагалзав уу?

Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хот ёстой л “нүүрээ угааж, нөгөө хувцасаа өмссөн” хүүхэд шиг болсон.  Нийслэлийнхний толгойны өвчин болдог байсан замын түгжрэлийг бууруулж, нийслэлийн гудамж, талбайг өргөтгөж, адаглаад л Улаанбаатар үе, үеийн хур хогноосоо салсан.

Өмнө нь Улаанбаатарын гудамж үнс нурамдаа дарагддаг байсныгаа гэр хорооллынхон хэдийнэ мартжээ. Одоо тэд өдөр шиг саруулхан гудамжаар шөнө явахдаа айхаа больсны дээр гудамж, талбай нь хогноосоо салж чухамдаа Э.Бат-Үүлийн багийнхан  “сэтгэл байвал сэрээгээр ч  газар хагалж” болно гэдгийг харуулж чадсан гэж хэлэхэд буруудахгүй биз.

Тэр тусмаа газрын наймаа, худалдаа ил тод болж, цахимжуулсан нь АН-ын үед хийсэн том ажлуудын нэг.

Харамсалтай нь, МАН-ынхан хотын удирдлагыг гартаа авснаар нийслэлийнхэн урагшилсан бус ухарсан сонголт хийв үү гэж бухимдахад хүрч байна.

Учир нь хотын шинэ удирдлагууд цахим газар өмчлөлийг зогсоосноор өмнөх газрын наймаагаа сэргээхэд хүрсэн үү? гэсэн хардлага хэн хүнд төрж байна.

  МАН-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн нэр газрын наймааны асуудалд нэр нь дандаа холбогдож явдаг.  Энэ утгаараа Ц.Сандуйг дахиад л мөнөөх хууль бус газрын наймаа, хулгайгаа зүүдлээд эхэллээ гэж Ардчилсан намынхан үзэж байна.

Тиймээс хотын экс мэр Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал зарлаж, “Цахим газар өмчлөлийг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын мэдэгдэл үнэхээр хариуцлагагүй зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн дагуу УИХ-ын тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын дагуу 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө Улаанбаатар хотод бүртгэлтэй насанд хүрсэн, насанд хүрээгүй хүн бүр өөрөөр хэлбэл 1.1 сая иргэн 0,5 га газрыг хувьчилж авах ёстой юм. Технологи ашиглаж маш хурдтай газар хувьчилж байсан ажлыг зогсоохоор болчихлоо. Одоо газар хувьчлах асуудал бөөн арын хаалга, авлигатай холбогдож мэдэх юм” хэмээн ил цагаан хардаж байгаагаа нуусангүй.

Иймэрхүү хардлага ч олон нийтэд төрчихөөд байна. Тэр тусмаа газрын наймаачин гэх хочтой болчихоод байгаа МАН-ынхан ийм шийдвэр гаргасан нь бүр илүү хардлага төрүүлж буй юм.

Энэ байдлаараа бол АН-ын үеийн Шилэн дансыг хааж, энгийн иргэд эрх баригчид хийгээд төрийн албаны зарлага,хангамж, тансаглалыг сөхөж, дэлгэх эрхгүй болж магадгүй шинжтэй.

Газар олголтыг цахимжуулснаар хэн хаана, ямар газар авч байгаагаа мэдэх эрхтэй болсон бөгөөд энэ бол төрийн албаны хувьд технологийн том дэвшил. Иргэдийн хувьд ч газрыг нээлттэй, хуулийн дагуу авах эрхтэй болсон.

Гэтэл ингээд цахим газар бүртгэлийг зогсоовол МАН-ынхан хотын газраас хаана, юуг авлига, ар өврийн хаалгаар, хууль бус наймаалж, хулгай хийхийг иргэд мэдэх эрхгүй болно. Иймээс  МАН-ын дарга нар хулгайгаа зүүдлээгүй юм бол хуулийн дагуу явж байсан ажлыг замын дундаас нь зогсоох хэрэг юун.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж