Хуучирсан мэдээ: 2016.08.13-нд нийтлэгдсэн

Рио 2016: 7 дахь өдөр

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр/2016.08.12/ долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох хөнгөнатлетикийн тэмцээн эхэлж байгаа бол жүдо бөхийн сүүлийн өдөр байсан.

Тэмцээний хуваарийн дагуу бадминтон, сагсан бөмбөг, бокс, дугуй, хөлбөмбөг, гольф, гимнастик, буудлага, усанд сэлэлт, ширээний теннис, волейбол, туялзуур сэлэм болон хүндийн өргөлт, жүдо бөх зэрэг спортын 25 төрлийн тэмцээн уралдаан болж, зарим төрлүүдэд медалийн эзэд тодорсон.

Монголын баг тамирчид жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө. Тэр дундаа боксын тамирчдын хувьд медалийн төлөөх эхний тоглолтыг эхлүүллээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Отгондалай хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг авлаа.

ЖҮДО БӨХ:

Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаанаар өндөрлөсөн. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн Б.Тэмүүлэн Алжирын Амине Мохаммед Таебтэй барилдаж, вазари үнэлгээ алдан ялагдлаа.

Манай жүдочдын сүүлийн найдвар болсон Б.Тэмүүлэн "Рио 2016" олимпийн наадмын Монголын багийн тугчийн үүргийг гүйцэтгэсэн юм. Ийнхүү Риод 13 жүдоч очсоноос нэг мөнгөн медаль, шагналт V байр хоёр, долоодугаар байр нэгийг үзүүлсэн амжилттай өндөрлүүлж байна.

Зуны Олимпийн XXXI наадамд жүдо бөхийн төрөлд 136 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улс 16-р байрт орлоо. 26 орон медаль хүртсэн байна. Япон улс 3 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол ОХУ, Франц 2 алттай удаалав. Итали, АНУ, Бразил, Словени, Аргентин, Чех, Косово улс олимпийн нэг аваргатай буцлаа.

УСАНД СЭЛЭЛТ:

Монголын багийн хамгийн отгон гишүүн, 16 настай Б.Есүй баасан гаригт/2016.08.12/ олимпийн усан замд уралдлаа. Манай тамирчин 50 метрийн өврөөр даллах төрлийн дөрөвдүгээр гараа, зургадугаар замд уралдаж, 28.40 секундын амжилтаар өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын рекорд /29.51 сек/-ыг шинэчлэн тогтоолоо.

Энэ зайд 91 тамирчин оролцох ёстой байснаас 88 тамирчин уралдаж, Б.Есүй 60 дугаар байр эзэллээ.

Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд дэлхийн рекордыг Германы тамирчин С.Бритта 2009 оны наймдугаар сарын 2-нд 23.73 секундын амжилтаар тогтоож байжээ.

БОКС:

Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Отгондалай хүрэл медалийн төлөө Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0 /30-27, 29-28, 29-28/-аар хожлоо. Манай тамирчин наймдугаар сарын 14-ний өдөр Францын тамирчинтай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Д.Отгондалай эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан юм.

Д.Отгондалайгийн тоглолтыг Риод ирсэн Монголын боксын холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Х.Болдбаатар, С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд, хүндийн өргөлт, усанд сэлэлтийн тамирчид, Монголын багийн бусад гишүүд ирж дэмжлээ.

Монголын зургаан боксчин Риог зорьж, дөрөв нь тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өнөөдрөөс боксчид эхнээсээ медалийн болзол хангаад эхэллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж