16 настай Б.Есүй улсын рекордыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2016.08.13-нд нийтлэгдсэн

16 настай Б.Есүй улсын рекордыг шинэчиллээ

Монголын багийн хамгийн отгон гишүүн, 16 настай Б.Есүй өнөөдөр олимпийн усан замд уралдлаа. Манай тамирчин 50 метрийн өврөөр даллах төрлийн дөрөвдүгээр гараа, зургадугаар замд уралдаж, 28.40 секундын амжилтаар өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын рекорд /29.51 сек/-ыг шинэчлэн тогтоолоо.

Энэ зайд 91 тамирчин оролцох ёстой байснаас 88 тамирчин уралдаж, Б.Есүй 60 дугаар байр эзэллээ.

Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд дэлхийн рекордыг Германы тамирчин С.Бритта 2009 оны наймдугаар сарын 2-нд 23.73 секундын амжилтаар тогтоож байжээ.

Баярын Ёсүй олимпод анх удаа оролцож байгаа. 16 настай, аравдугаар ангийн сурагч. Тэрбээр 2015 оны Сингапурт болсон олон улсын нээлттэй тэмцээнд 50 метрийн өврөөр даллах төрөлд 29:51 секундын амжилт үзүүлэн, энэ зайд Монголын рекордыг шинэчлэн тогтоож байсан юм.

Түүнийг тэмцээнээ дуусгаад гарч ирэхэд нь сэтгэгдлийг нь сонслоо.

-Есүй, гараандаа хоёроор бичигдлээ. Улсынхаа рекордыг шинэчилсэнд баяр хүргэе.

-Олимпод анх удаа оролцож байна. Туршлагатай, дэлхийн хамгийн мундаг тамирчидтай уралдаж байгаа олимпийн замд улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосондоо баяртай байна. Гэхдээ гараандаа нэгд орчих боломжтой гэж бодож байлаа.

-Бэлтгэл дээр хэр ахиулж байсан бэ, өмнөх рекордоо?

-Америкт нэг сар бэлтгэл хийсэн. Их үр дүнтэй болсон гэж бодож байгаа. Бэлтгэлийн хугацаанд ерөнхийдөө өөрийнхөө рекордын цагаар явж байсан.

-Аав нь Риод охиноо дэмжихээр ирсэн байгаа гэж сонслоо?

-Аав маань ирсэн. Тэмцээн үзсэн байх. Гэр бүл, эх орныхоо төлөө усанд сэлэлтийн энэ агуу спортын төрөлд Монголынхоо нэрийг гарган уралдаж, яг энэ замд улсынхаа рекордыг шинэчилнэ гэдэг миний хувьд том боломж байлаа. Дэмжиж байсан бүх хүмүүст баярлалалаа.

Эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах зайд өрсөлдсөн ОУХМ Б.Дөлгөөн өчигдөр /VIII.11/ тэмцээндээ оролцож, 24.90 секундын амжилтаар 85 тамирчнаас 60 дугаар байрт шалгарсан билээ.

Ийнхүү усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Монголын хоёр тамирчны тэмцээн өндөрлөж байна.

Б.БАДМАА /Рио-де-Жанейро/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж