- Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа гаргасан байна. Тэрээр энэ онд эдийн засгийн өсөлт 1,3 хувьтай гарна гэж тооцоолжээ. Эдийн засаг тун таагүй байгааг түүний мэдээллээс харж болно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.
- Дарь эхийн гэр хорооллын дунд Дарь эх цогцолборыг босгосон талаар Ньюс агентлаг өчигдөр сурвалжилсан юм. Цогцолборын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилээс эхэлжээ. Баянзүрх дүүргийн санхүүжилтээс жил бүр 200-300 сая төгрөгийг төсөвлөх замаар 2-3 жилийн хугацаанд тохижуулж дуусгахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жил цогцолборт 300 сая төгрөгийг зарцуулж, бүтээн байгуулалтын 30 хувийг хийсэн байна.
Харин энэ жил дүүргийн хөрөнгөнөөс 200 сая төгрөгийг зарцуулахаар болсон. Одоогоор нийтдээ 500 сая төгрөгийг зарцуулжээ.
- Гурван долоо хоногийн дараагаар хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жилийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзэх сурах бичгийн хэвлэлтийн ажил үндсэндээ дууссан байна. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн А.Туяа “Энэ жилийн хувьд I-IX ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж дуусаад, хүүхдүүдэд хүрч эхэлж байна. X-XII ангийн сурагчдын 40 хүртэл хувийн сурах бичиг сургуулиудад байгаа учраас ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалт хийхгүй” гэж мэдээлжээ.
- Амралтаар явж байсан “Эйр маркет”-ийн ажилчид хоолны хордлого авсан талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын “Дэлгэр тур” амралтын газар энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд амарсан “Эйр маркет”-ын ажилчид хоолны хордлогод орсон байна.
- НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 314,000 өрх, 634,000 ААН баримтаа тогтмол бүртгүүлж байна.
Сүүлийн үед буцаан олголтын хэмжээ буурсан нь худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зарим ААН-үүд стандартын бус кассын төхөөрөмж ашигласантай холбоотой аж. Тиймээс стандартын шаардлага хангасан кассын систем нийлүүлэгчдэд батламж олгож байна. Тавдугаар сарын 22-ноос эхэлсэн уг ажил есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжилнэ.
- Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газарт өнгөрсөн сарын 31-нд гарсан түймрийн цурамнаас энэ сарын 01-нд дахин түймэр асчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, орон нутгийн 48 иргэн түймрийн голомтод ажиллаж өчигдөр дахин цурманд оруулсан байна.
- Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойлин хийдээс олон тооны цутгамал бурхан хулгайлсан хэрэг өнгөрсөн долдугаар сарын 28-29-нд шилжих шөнө гарчээ. Хэргийн араас цагдаагийнхан мөрдсөөр сэжигтэн этгээдийг наймдугаар сарын 7-нд илрүүлж, баривчлан саатуулсан байна. Сэжигтэн нь 22 настай Б гэгч бөгөөд Булган аймгийн харьяат аж. Хулгайлсан эртний эдүүдийг үнэт эдлэлийн худалдаачинд зарах гэж байгаад баригджээ.