“Ардчилалд хөл тавьсан 10 жил”-ийн түүхийг өгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

“Ардчилалд хөл тавьсан 10 жил”-ийн түүхийг өгүүлжээ

Монголчууд анхны ардчилсан сонгуулиа хэрхэн өгсөн тухай, чөлөөт хэвлэлийн үндэс суурь хэдийд тавигдсан талаар, олон намын тогтолцоо хэрхэн бүрдэж байв зэрэг 1990 оноос 2000 оныг хүртэлх Монгол улсын ардчиллын замналыг өгүүлэх “Ардчилалд хөл тавьсан 10 жил” номын нээлт өнөөдөр /2016.08.12/ Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд боллоо.

Энэхүү номыг “Олон улсын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан Зориг сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) хамтран Монгол улсын ардчиллын түүхийг залуучуудад таниулах зорилготой цувралынхаа хоёрдугаар боть болгон хэвлүүлж, олон нийтэд танилцуулж буй нь энэ юм.

“Ардчилалд хөл тавьсан 10 жил” номын зохиогч “Ардчилал” сонины анхны эрхлэгч С.Амарсанаа хэлэхдээ “Энэхүү номоо хүүхэд, залуучуудад зориулан хэвлэн гаргаж байна. Уг номны гол эх сурвалж нь тухайн үеийн төрийн төв хэвлэл болох Ардын эрх сонин юм. Манай хойч үеийнхэн монгол улсынхаа нэн шинэ үеийн түүхээ төдийлөн сайн мэддэггүй юм байна.Энэ талаар гарсан ном зохиол ч ховор байдаг. Тийм ч учраас би хэвлэл мэдээллийн хэрэгслийг үндсэн эх сурвалжаар ашигласан. Цаашдаа бид хамтран ардчилалын 2000-2016 оны түүхийг өгүүлэх дараагийн цуврал номыг хийхээр төлөвлөж байгаа” гэв.

Уг номонд Монгол Улсын ардчилалд шилжсэн эхний 10 жилийн түүхэн үйл явдлуудыг харуулах ба шинэхэн эхэлсэн ардчилал, тухайн үеийн ард иргэд болон улс төрийн удирдагч нарын өмнө нь дэлгэгдээгүй зургуудыг үзүүлжээ.

Зориг сангийн гүйцэтгэх захирал Б.Цолмон “Зориг сан 1998 оноос хойш 18 дахь жилдээ ардчилалын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд манай сан ардчилалын архивыг үүсгэх тал дээр их анхаарч байгаа. 2012 оноос хойш ардчилалын аман түүх хэмээх 100 гаруй хүний ярилцлагыг авсан. Үүний эхний 50 ярилцлагыг монтажлаж, богино хэмжээний нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байгаа. Энэ ярилцлага, зургийн цомог, номнуудад багтсан түүхүүдээр Монголын ардчилсан хувьсгалын вэб сайт хийх зорилготой ажиллаж байна. Энэ ажлыг нэг хэсэг “Ардчилсан хувьсгалд хөл тавьсан 10 жил” ном болж байна” хэмээн ярилаа.

Номын нээлтийн үеэр ардчилалд залуусын оролцооны ач холбогдлыг талаар манлайлагч залуус хэлэлцүүлэг өрнүүлж, номын зохиогч, тухайн үеийг гэрчлэх хүмүүстэй уулзаж яриа өрнүүлж байв.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж