“Цэргийн эргэлт ардчилсан засаглалыг зогсоож чадаагүй”

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

“Цэргийн эргэлт ардчилсан засаглалыг зогсоож чадаагүй”

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөзтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-16-ны шөнө цэргийн эргэлт хийх болсон оролдого бүтэлгүй болсон. Эндээс яриагаа эхлэх үү?

-2016 оны долдугаар сарын 15-16-ны шилжих шөнө БНТУ-ын зэвсэгт хүчинд үүрлэсэн хуйвалдаант бүлэглэл, үндсэн хуульт засаглалын эсрэг, Ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг хууль бус ажиллагаа явуулж, төрийн эргэлт хийхээр оролдсон. Энэхүү зэвсэгт хүчинд үүрлэсэн бүлэглэл нь БНТУ-ын зэвсэгт хүчний техникийг ашиглан цус урсгасан бусармаг бослого хийхийг оролдсон ч үүнийг ард түмэн зогсоож чадсан. Энэ шөнө Туркийн ард түмний хувьд айдас түгшүүртэй байсан ч ардчиллыг хамгаалж зогссон түүхэн үйл явдал боллоо. Долдугаар сарын 15-ны өдөр Турк улсын хувьд ардчилал дахин ялсан өдөр юм.

-Цэргийн эргэлт хийх гэж байгааг Туркийн тагнуулын газар урьдчилан мэдэж, Зэвсэгт хүчний жанжин штабт мэдээлсэн байдаг. Энэхүү ажиллагааг эхлүүлэхээс зургаан цагийн өмнө зогсоож чадсан нь гарах эрсдэлийг улам багасгасан байна.?

-Турк улсын үндэсний тагнуулын албанд мэдээлэл ирсний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабт мэдэгдсэн байдаг. Мөн түүнээс гадна цэргийн болон цагдаагийн ажилтнуудын мэдээллийг тухай бүрт нь нягталж, цаашлаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт дүн шинжилгээг хүргүүлж байсан. Үүнийг мэдсэн хуйвалдагчид долдугаар сарын 16-ны шөнийн 03.00 цагт эхлэх гэж байсан ажиллагаагаа 15-ны орой 22.00 цагийн үед хийхээс өөр аргагүй болсон. Зарим шүүмжлэлтэй хандах зүйлүүд байгаа ч энэхүү ажиллагааг зогсоож чадсан нь чухал юм. Цэргийн сэжигтэй бэлтгэл ажил хийж байгаа тухай Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд мэдэгдсэний дагуу яаралтай арга хэмжээ авсан. Тиймээс ажиллагаа болохоос өмнөх мэдээлэл нь гарах эрсдэлийг багасгаж чадсан.

-Анкарагийн Гөлбашид дүүрэг дэх Цагдаагийн тусгай хүчний төвд дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн хор хөнөөл хэр байсан бэ?

-Цэргийн эргэлт хийх гэсэн бүлэглэл нь гол гол обьектыг хараандаа авсан байсан. Анкара дахь Цагдаагийн тусгай хүчний төвөөс гадна Үндэсний Их хурлын барилга дээрээс бөмбөг хаясан. Дэлбэрэлтийн улмаас жагсаал хийж явсан энгийн иргэд амиа алдсан. Энэхүү Фетхуллах террорист байгууллагын зохион байгуулсан хорт ажиллагааны улмаас нийт 246 иргэн амиа алдсаны 62 нь цэргийн албан хаагч, 179 энгийн иргэн, 5 нь цагдаагийн албан хаагч байсан. Мөн 2400 орчим хүн шархадсан. Мэдээж үүний хор хөнөөл ард иргэдэд ихээхэн хүндээр туссан.

-Зарим мэдээллийн хэрэгслээр АНУ зэрэг нь Туркт цэргийн эргэлт болох гэж байгааг эртнээс мэдэж байсан гэдэг мэдээлэл байдаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Энэ бол баталгаатай биш учраас боломжгүй.

-Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс орондоо гурван сарын хугацаатай онц байдал зарласан. Түүний хувьд төрийн эргэлт хийх гэж байгаа гэсэн мэдээллийг Орост байгаа эгчийнхээ нөхрөөс сонссон гэдэг. Энэ мэдээллийг Оросын талаас эхэлж сонссон байх магадлал байгаа нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байна. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Ерөнхийлөгчийн нагац ах ОХУ-д байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө нагац ахаасаа мэдсэн гэсэн тайлбарыг хэлсэн. Тэдний хооронд мэдээллийг дамжуулсан хүн хэвлэл мэдээллийн ажилтан байсан. Босфорын хоолой зэрэг онцгой обьектуудад цэргийн сэжиг бүхий хөдөлгөөн явагдаж байна гэж Ерөнхийлөгчид мэдээлэл хүргэсэн байдаг. Төрийн эргэлт хийхийг оролдсон үйл явдлын дараа Турк Улсын үндэсний эв найрамдал, бүрэн бүтэн байдал, ардчилсан засаглалын эсрэг явуулсан үйлдэлд холбогдох этгээдүүдэд зохих хариуцлагыг ногдуулах үйл ажиллагаа явагдана. Үүнтэй холбоотойгоор 70 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь түдгэлзүүлээд байгаа. Үүний дийлэнх нь Туркийн Боловсролын яаманд харьяалагдах 42 мянган багш нар байгаа. Мөн Дотоод хэргийн яамнаас хийсэн мэдээллийн дагуу 25915 ажилтныг түдгэлзүүлснээс 13 418 нь баривчлагдсан. Туркийн зэвсэгт хүчний дундаас бослогыг зохион байгуулах гол ажлыг хийсэн гэж үздэг. Зэвсэгт хүчинд нийтдээ 356 генерал байдгаас 125 генерал болон адмирал цолтон түр саатуулагдсаны 119 нь баривчлагдсан. Мөн 3021 цолтой албан хаагч, 4774 цагдаагийн албан хаагч, 92 энгийн албан хаагч, 12 харуул зэрэг нийт 7899 хууль сахиулагч саатуулагдсан. Эдгээр албан хаагчдаас 918 нь яллагдах байх гэсэн үндэслэл бүхий тоо баримт бий.

-Шүүх, эрхзүйн байгууллагынхан үүнд холбоотой гэж байгаа шүү дээ?

-Тиймээ. Фетхуллах террорист байгууллагад элссэн гэсэн гэмт үйлдлээс болж хуулийн байгууллагын 2085 орчим хүн сэжиглэгдэн саатуулагдаад байна. Үүнд 737 прокурор, 348 шүүгч багтаж байна. Эрүүгийн хэргийн Дээд шүүхийн 34 ч мөн бий.

-Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад болох үеэр дээрх халдлага болсон. Энэхүү уулзалтын үеэр мэдээллийг хэрхэн өгч байв?

-Энэ жил Улаанбаатар хотноо маш томоохон арга хэмжээ болсны нэг нь Ази Европын Дээд түвшний уулзалт байсан. Энэхүү уулзалт болж байсан өдрүүдэд хоёр үйл явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байлаа. Францад болсон аллага болон Турк Улсад төрийн эргэлт хийхийг оролдсон оролдлого. Тухайн үед Европын холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск, Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нарын өндөр албан тушаалтнууд Монгол Улсад ирээд байсан. Тэдний зүгээс энэхүү халдлагыг буруушааж байна гэсэн мэдэгдлийг гаргасан. Нөгөөтэйгүүр, Турк Улсын ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч болон Ардчилсан засаглалыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

-НҮБ-ын ивээл дор Дэлхийн хүмүүнлэгийн анхдугаар Дээд хэмжээний уулзалт 2016 оны тавдугаар сард Истанбул хотноо амжилттай болсон. Тухайн үед Ерөнхийлөгч Эрдоган дүрвэгсдэд бүхий л талын дэмжлэгийг үзүүлнэ гэж байсан. Энэхүү хэрэг явдлын дараа Турк Улсаас гурван сая орчим дүрвэгсдийн асуудал анхаарал татаж байна. Цаашид дүрвэгсдийг талаар ямар бодлого барьж байгаа вэ?

-2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнтай холбоотойгоор хөрш улсад маань бий болсон хүмүүнлэгийн хямрал дээр бид чимээгүй сууж чадаагүй. Олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу хөрш улсад “Нээлттэй хаалга” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. 2011 оноос хойш иргэний дайны хөлөөс зугтаж ирсэн иргэд 2013 онд дээд хэмжээнд хүрч одоогийн байдлаар Сирийн 3 сая орчим иргэн орогнож байна. Үүнд Турк улсын Засгийн газраас дүрвэгсдэд хэрэгтэй бүх зүйлээр тусалж байгаа. Тэд дүрвэгсдийн лагерь болон бусад хотуудад тэд амьдарч байна. Одоогийн байдлаар Турк Улсын улс төрийн нөхцөл байдал долдугаар сарын 15-ны хэрэг явдлын дараагаар ихээхэн асуудлыг гаргаж ирсэн. Таван жил орчим Туркэд байгаа дүрвэгсдийг иргэний харьяалалдаа авах зэрэг олон асуудал хөндөгдөх байсан ч дүрвэгсдийн асуудал түр хойш тавигдсан. Турк Улсын зүгээс дүрвэгсдэд зориулж, 10 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа. Харин Олон улсын нийгэмлэгээс дорвитой тусламжийг өгөөгүй хэвээр бөгөөд ойролцоогоор 450 сая ам.долларыг хүлээж авсан байдаг. Нөгөөтэйгүүр, бид Европын холбоотой хэлэлцээр байгуулсан ба энэхүү хэлэлцээрийн хүрээнд Турк Улсаас нууцаар хил давж Европын холбоонд очсон Сирийн иргэнийг буцааж авч Турк Улсад албан ёсоор оршин суугаа нэг Сирийн дүрвэгсдийг Европын холбоонд чөлөөтэй зорчих эрхээр хангана. Мөн Сирийн дүрвэгсдийн нийгмийн асуудалд зориулж Европын холбооноос гурван тэрбум орчим ам.долларыг буцалтгүй хандивлана гэсэн зарчмын хэлэлцээг байгуулсан.

 

ХОЁР ОРНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН САЛБАРТ ГАР БИЕ ОРОЛЦСОНДОО БАЯРЛАЖ БАЙНА

-Таны хувьд олон жил дипломат албыг хашиж байна гэсэн. Бусад оронтой харьцуулахад Монгол Улс танд ямар санагдсан бэ?

-Би 27 дахь жилдээ дипломат албанд ажиллаж байна. Би Истанбул хотын хүн. 22 настай залуу Анкарад Гадаад хэргийн яаманд очин ажлын гараагаа эхлүүлж байлаа. Харин хилийн чанад дахь дипломат ажил Болгар Улсаас эхэлсэн. Үүний дараа НАТО-гийн байнгын төлөөлөгчийн газар, Нью-Йорк дахь НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газар болон Вашингтонд ажиллаж байсан. Хамгийн сүүлд Турк Улсын Гадаад хэргийн яаманд ажиллаж байгаад Монгол Улсад томилогдсон. Монголд сэтгэлд хангалуун байна. Анх Монгол Улсад ажиллах тушаал аваад бага зэрэг эргэлзсэн. Гэтэл энд ажиллаж байсан найз маань сайхан зөвлөгөө өгч байлаа. Түүний хэлсэнчлэн Монгол бол туйлын сайхан орон гэдгийг алхам тутамдаа л анзаарах болсон.

-Сүүлийн жилүүдэд Турк-Монголын харилцаанд олон өөрчлөлт гарсан. Визний хөнгөлөлтөөс эхлээд дэвшилт их бий. Таны хувьд их завгүй байсан байх?

-Эргээд өнгөрсөн хугацааг харахад маш идэвхтэй гурван жил байжээ. Хоёр жилийн өмнө Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байсан. Түүхт ойн жил болоод ч тэрүү маш их ажлын ард гарсан. Хоёр орны Яамдын сайд нарын айлчлалуудаас эхлээд олон чухал арга хэмжээ болсон. Батлан хамгаалахын сайд нарын уузалт зэрэг хариуцлагатай ажлууд ч байсан. Мөн өнгөрсөн гурван жил дараалан “Туркийн УБ дахь соёлын өдрүүд”-ийг зохион байгуулсан. Олон нийтэд нээлттэй дипломат үйл ажиллагааны хүрээнд 15 аймагт албан ёсны айлчлалыг хийлээ. Бид бүхний нягт холбоотой аялал жуулчлал, соёл, олон нийтийн үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллалаа. Хоёр орны хамтын ажиллагааны олон салбарт гар бие оролцсондоо баярлаж байна.

-78 сая хүн амтай Турк Улсад 2015 онд 32 сая жуулчин ирсэн гэсэн мэдээлэл байна. Турк Улс аялал, жуулчлалаараа анхаарал татаад эхэллээ?

-Турк улс жилдээ 30-35 сая жуулчин хүлээн авдаг. Аялал жуулчлалаас жилдээ 35-38 тэрбум ам.долларын ашиг олдог гэсэн мэдээлэл бий. Турк Улс дэлхийн хамгийн их зорчдог улсын зургаад жагсаж байна. Нэгэн тоон мэдээллийг хэлмээр санагдлаа. Анталя хотод хоёр сая орчим иргэн амьдардаг боловч жилийн турш 12 сая жуулчин хүлээн авдаг. Бараг хотын хүн амаас зургаан дахин жуулчид жилдээ очдог гэсэн үг юм. Өмнө нь Турк Улсын аялал жуулчлал гэхээр далай, далайн эрэг, нар гэсэн гурван үнэт зүйлтэй байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ байдал өөр болж Турк Улсын байгалийн сайхан болон эрүүл мэндийн салбар, итгэл үнэмшил буюу шашны аялал жуулчлал хөгжиж байна. Мөн олон улсын хурал зөвлөгөөн ч маш ихээр болох болсон.

-Монгол Улсын аялал жуулчлалын талыг та хэрхэн харж байна вэ?

-Би энд ирээд гурван жил боллоо. Маш их зүйлийг анзаарлаа. Бид олон салбар дээр хамтран ажиллаж байна. Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломж байна. Үүнийг сайжруулахын тулд үйлчилгээний салбарын чанарын стандарт дээр сайтар анхаарах хэрэгтэй. Үйлчилгээний салбарыг илүү сайн анхаарах юм бол аялал жуулчлал амархан хөгжинө. Энэ бол судлагдсан асуудал. Миний хувьд хоёр орны аялал жуулчлалын салбарыг нэмэгдүүлэхэд олон арга хэмжээг зохион байгуулсан. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Турк Улсын туршлагаас судлуулах алхмыг хийж байна. Хамгийн сүүлд Турк Улсын аялал жуулчлалын агентлагуудын холбоо Монгол Улстай танилцах аяллыг зохион байгууллаа. Үүнийг бид Монгол Улсын аялал жуулчлалын холбоотой хамтарч хийсэн байгаа. Одоогоор Турк Улсын дотоодын улс төрийн асуудал тогтворжсоны дараа хоёр улсын аялал жуулчлалын салбар дахин сэргэх байх гэж бодож байна.

-Манай оронд “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг тэмдэглээд удаж байна. Таны хувьд 2015 онд “Сонгодог төгөл” ногоон байгууламжийг бүтээхэд дуурийн театрын уран бүтээлчидтэй хамт хийж байсан.

-Улаанбаатар хот бол сайхан хотуудын нэг. Сүүлийн жилүүдэд ногоон байгууламж их хийгдсэн нь харагдаж байна. Олон газар байна шүү дээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд ногоон байгууламжуудыг олноор барих хэрэгтэй. Улаанбаатар хотын агаарын чанарт гэр хорооллын утааны асуудал болон томоохон цахилгаан станцуудын байрлал нөлөөлж байна. Би өнгөрсөн онд УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран “Сонгодог төгөл” ногоон байгууламжийг эхлүүлж байсан. Мэдээж энэ ажлууд цааш үргэлжлээд явах нь хотын өнгө үзэмжид тустай. Монголын ард түмэнтэй хамт мод тариад зогсох миний хувьд сайхан байлаа. Энэ бол надад үлдэх олон сайхан дурсамжуудын нэг байх болно.

-Та дуурь сонсох дуртай гэж байсан?

-Би урьд нь театрт очдог байсан. Харин Монголд ирээд илүү их театрыг зорих болсон. Монголын уран бүтээлчид маш чадварлаг. Тиймээс завтай үедээ дуурийн театрт очих дуртай.

-Манай улсад Туркийн нэрэмжит олон газар байдаг. Тэр дундаа бидний сайн мэдэх Анкарагийн гудамж байна. Гэтэл одоо "Ногоон төгөл"-өөр дамжуулан Монгол-Туркийн цэцэрлэгийг мэддэг болж байна. Үүнээс гадна олон бүтээн байгуулалтыг хийлээ.

-Бид өнгөрсөн жил “Ногоон төгөл” төслийн хүрээнд мод тарьсан. Хамгийн гол нь Улаанбаатар хотод Монгол-Туркийн найрамдлыг бэлгэдсэн олон газар байдаг. “Зоос гоёл”-ын уулзвараас Соёл урлагийн их сургууль хүртэлх 2,8 га газрыг Анкарагийн гудамж гэж нэрлэсэн. Мөн Ататуркийн нэрэмжит V дунд сургууль, Сүхбаатар дүүрэгт тэр дундаа хотын төвд Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, урд талд нь Цус сэлбэх төв байна. Энэ бүгд Монгол-Туркийн хамтын ажиллагааны нөхөрлөлийг харуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж