Ачаа тээврийн шинэ коридор худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

Ачаа тээврийн шинэ коридор худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ

2016 оны наймдугаар сарын 18-наас 24-ний хооронд БНХАУ-Монгол-ОХУ чиглэлээр авто замаар ачаа тээвэрлэж эхлэх бөгөөд уг чиглэл нь гурван улсын хооронд ачаа тээвэрлэх анхны транзит чиглэл болох юм. Туршилтын ачаа тээвэрлэлт нь Тяньжин-Эрээн-Улаанбаатар-Улаан Үүд чиглэлээр явагдах бөгөөд чиглэлийн нийт урт 2200 км. Үүнээс 900 км нь БНХАУ-ын, 1050 км нь Монгол улсын, 240 км нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр өнгөрнө.

Логистикийн чиглэлүүдийг, тэр дундаа авто замаар ачаа тээвэрлэх чиглэлүүдийг Зүүн өмнөд Азийн улсууд руу ойртуулах нь ОХУ-ын Алс Дорнод болон Сибирийн бүс нутгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой байх болно хэмээн ОХУ-ын Pioner&Co компаниас манайд ирүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

"Өнөөдрийг хүртэл гурван улсын нийлүүлэгчид нь ачаагаа улсын хил дээрээс тээвэрлэгч компаниудад даатган шилжүүлдэг байсан бол шинэ нөхцөл байдалд ачаа тээвэрлэлт хялбар болж, тээвэрлэлтийн хугацаа богиносох юм» гэж ОХУ-ын Авто тээврийн агентлагийн (ФБУ "Росавтотранс») ерөнхий захирал болон туршилтын анхны ачаа тээвэрлэлтийн ОХУ-ын талын үндэсний зохицуулагч Алексей Двойных онцгойлон тэмдэглэв.

Тээвэрлэлтийг шинэ чиглэлээр явуулснаар урьдчилсан тооцоогоор ачаа тээвэрлэлтийг 2020 он хуртэл 17-20 хувиар өсгөх боломжтой. "Цаашид ачаа тээвэрлэлт нь жилд 10 хувиар өсөх бөгөөд энэ нь ОХУ, БНХАУ хоорондын гадаад худалдааны эргэлтийн жилийн өсөлттэй дүйцэж буй юм» хэмээн Алексей Двойных онцоллоо.

Одоогийн байдлаар ачааны чингэлгүүдийг БНХАУ-аас Европын орнууд руу "door-to-door» нөхцөлөөр тээвэрлэхэд далайн замаар 50 орчим хоног, төмөр замаар 25-30 хоног зарцуулдаг. Иймд авто замаар ачаа, тэр дундаа хувийн болон хамтын ачаа тээвэрлэх нь илүү оновчтой юм. “Авто тээврийн шинэ коридороор ачаа тээвэрлэх нийт хугацаа нь дөрвөн өдөр бөгөөд үүний илт давуу тал нь ачаа тээвэрлэлтийг "door-to-door» нөхцөлөөр хийж болох ба ингэснээр тээврийн хугацааг 10 хоногоор хэмнэх, ачааг төмөр замын ачаа хуваарилалтан дээр цаг алдахгүйгээр эцсийн хүлээн авагчид хүргэх юм. Авто тээврээр болон энгийн ачааны вагоноор ачаа тээвэрлэх дундаж хурд нь бараг ижил, өдөрт 400-450 км давдаг ч авто замаар ачаа тээвэрлэх нь илүү хурдан байдаг» гэж ФБУ "Росавтотранс»-ийн мэргэжилтнүүд ярьж байна.

Тээврийн шинэ коридороор зөөвөрлөх ачааны бараг тал нь ургамлын гаралтай (жимс, ногоо) болон бусад хүнсний зүйл, гутал хувцас, даавуун эдлэл, тавилга, үйлдвэрийн бараа (хүүхдийн тоглоом, биеийн тамирын тоног төхөөрөмж гэх мэт) байх болно.

Алексей Двойных захирлын ярьснаар “Эхний ээлжинд уг чиглэлээр хүнсний зүйл болон гамтай тээвэрлэлт шаардсан хэврэг зүйлсийг тээвэрлэхэд ашигтай. Түүнээс гадна богино хугацаанд тээвэрлэх шаардлагатай зарим ачаа, бараа байдаг. Үүнд аж үйлдвэрийн суурилалтанд шаардлагатай зарим эд анги, техникийн тоноглол байж болно».

Авто тээврийн шинэ чиглэлээр ОХУ-ын Баруун Сибирийн бүс нутагт үйлдвэрлэдэг аливаа экспортын бараа таваар, үүнд мод, модон болон цаасан эдлэл, өнгөт төмөрлөг, машин механизм, тоног төхөөрөмж, цахилгаан техник эдлэл, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг хүргэж болно. “Импортоор орж ирэх барааны дунд бөс даавуун эдлэл, цахилгаан бараа, машин тоног төхөөрөмж байж болно. Үүнээс гадна авто тээврийн замаар бараа ачсан контейнер тээвэрлэж болно” хэмээн "Совтрансавто» холдингийн ерөнхий захирал Владимир Тян ярьжээ.

ФБУ “Росавтотранс”-ын мэргэжилтнүүдийн ярьсанаар одоогийн байдлаар Монгол Улс, ОХУ болон БНХАУ нь гурван улсын хооронд Азийн авто замын сүлжээнд олон улсын авто замын тээвэрлэлт хийх тухай Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа. Уг гэрээний дагуу ачааг БНХАУ, ОХУ-ын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрхөөр тээвэрлэх юм. Одоогийн байдлаар гурван улс хоорондын ачаа тээврийг хоёр улсын хил залгаа нутаг орчмын ачаа тээвэрлэлтийн гэрээ хэлцлийн хүрээнд хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийг олон улсын авто тээврийн зөвшөөрөгдсөн маршрутаар явуулж тогтсон хилийн боомтоор гаргаж байгаа. Тийм учраас ачааны машинууд нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн гүн рүү орох эрхгүй бөгөөд ачаагаа хилийн боомтонд хамгийн ойр хүн ам суурьшсан цэгт хүргэн буулгадаг юм байна.

Ачаа тээвэрлэлтийн тухай:

“БНХАУ-Монгол Улс-ОХУ” нэртэй туршилтын ачаа тээвэрлэлт нь наймдугаар сарын 18-24-ний өдрүүдэд явагдана. Замын гараа Тяньжин далайн боомтоос эхлэх ба Улаан-Үүд хотод дуусгавар болно. Туршилтын ачаа тээвэрлэлтэнд есөн ачааны машин явах бөгөөд улс болгон гурван машин илгээхээр тохирчээ. ОХУ-ын талаас зохион байгуулагч, зохицуулагчаар ФБУ “Росавтотранс” ажиллах ба “РУСТА” групп болон “Совтрансавто”, “Адженс” компаниуд оролцох юм.

Өнгөрсөн зургадугаар сарын 24-нд Ташкентад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд гурван улсын Төрийн тэргүүн нар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорыг байгуулах тухай хөтөлбөрт гарын үсэг зурж баталснаар уг ачаа тээвэрлэлтийг хийх боломжтой болжээ. Уг эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрийн нэг зорилт нь гурван улс хоорондын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд оршино.

Эх сурвалж: Pioner&Co

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж