Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр буюу наймдугаар сарын 2-ны өдөрнийт 272 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.
Эдгээрээс зам тээврийн ослын 193 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл долоо бүртгэгдэж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны нэг, сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Шар хадны зам,Тэнгис авто угаалгын урд замд T.Prius маркийн авто машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Vitz маркийнП, T.Sprinter маркийн И жолоочтой авто машинуудтай мөргөлдөж зорчигч 36 настай эмэгтэй Б нарын хоёр хүн гэмтсэн.
Мөн Баянгол дүүргийн нутаг Хасбаатарын гудамж Хорооллын 24-р байрны урд замд T.Prius маркийн авто машины жолооч О нь явган зорчигч таван настай эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах, хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газраас зохион байгуулан явуулж байгаа билээ.
А.Сүрэн