УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Штефан Дюппелтийг өнөөдөр /2016.08.05/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-аас Элчин сайд Штефан Дюппелтэд манай хоёр орны харилцаа нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж байгаад сэтгэл өндөр байдгаа онцлоод хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг илэрхийлсэн. Тухайлбал, харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалтууд тогтмолжиж, энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцох, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн эмнэлэг зэрэг хэлбэрээр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэв. Мөн цэргийн мэргжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр бид идэвхтэй хамтран ажиллаж үр дүнд хүрч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн дээр ХБНГУ-ын БХЯ-наас манай улсын зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж буцалтгүй тусламж үзүүлж байдагт ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархаж байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон бусад албаныхан оролцов.
ЭХ СУРВАЛЖ: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ