Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам маргааш албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн олимпод 207 орны 10500 тамирчин спортын 42 төрөлд 4924 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай улсаас 43 тамирчин есөн төрөлд өрсөлдөнө. Монголын багийн сүүлийн 43 дахь эрх өнгөрсөн долоо хоногт Хүндийн өргөлтийн холбоонд ирсэн. Олон улсын хүндийн өргөлтийн холбоо/IWF/-ны Удирдах зөвлөлөөс ОХУ-ын хүндийн өргөлтийн холбоог Риогийн олимпод оролцуулахаас татгалзсан шийдвэр гаргасан юм. Тиймээс Албани, Гүрж, Македон, Белги, Хорват, Монгол зэрэг оронд нэмэлт нэг эрхийг өгчээ.
Монголын Хүндийн өргөлтийн холбооноос эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд өрсөлддөг ОУХМ Ө.Чагнаадоржийг Олимпийн наадамд явуулахаар болсон юм. Өнөөдөр Ө.Чагнаадорж, дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт Риог зорилоо. Тэрбээр энэ сарын 7-ний өдөр өрсөлдөнө. Баг тамирчдыг Биеийн тамир, спорт, хөгжлийн төвийн УААХэлтсийн дарга Т.Батзориг, НБТСХэлтсийн дарга Б.Оюун болон ҮШБХэлтсийн мэргэжилтэн С.Эрдэнэтуяа болон БТСХ-ийн албаны хүмүүс гаргаж өглөө.
Энэ жил 19 настай Ө.Чагнаадорж 2015 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д 25 байр эзэлсэн бол энэ жилийн Азийн аваргад VIII байр эзэлсэн.
Монголчуудаас хамгийн сүүлд 1996 оны Атлантагийн олимпод Ц.Хосбаяр 108 кг-д өрсөлдөх эрхтэй болсон ч гэмтлийн улмаас оролцож чадаагүй билээ. Тэгвэл түүнээс хойш 20 жилийн дараа анх удаа эрэгтэй туйванч олимпод өрсөлдөх гэж байна.
Ийнхүү энэ удаагийн Риогийн наадамд Монголын хоёр залуу туйванч өрсөлдөх гэж байна. Эмэгтэйчүүдийн 69 кг-д Азийн аварга, Дэлхийн варгын алт, мөнгөн медальт М.Анхцэцэг наймдугаар сарын 10-ны өдөр өрсөлдөнө.
ОЛИМПОД ОРОЛЦСОН ЭРЭГТЭЙ ТУЙВАНЧИД:
- Мюнхен 1972 – З.Далхжав, С.Доржханд, Р.Амгаасэд, Н.Сэр-Од
- Москва 1980 – А.Жүгдэрнамжил, Д.Энхбаатар, Д.Болдбаяр
- Барселона 1992 – Н.Батжаргал, Г.Энэбиш
- Атланта 1996 – Ц.Хосбаяр
- Рио 2016 – Ө.Чагнаадорж
Холбоотой мэдээлэл:
Ч.БОЛОР