Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс хийх ажлынх нь талаар тодрууллаа.
-Та Эрүүл мэндийн сайдын ажлаа аваад удаагүй байна. Нэн тэргүүнд ямар асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна вэ?
-Мэдээж төлөвлөсөн олон асуудал бий. Яг юунаас эхлэх вэ гэдэг л байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах чиглэлд ач холбогдол өгч байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр заалтад өөрчлөлт оруулна. /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 1-3 жил эмчлэх эрхээ хасуулж, 20-80 сая төгрөгийн торгох ял эсхүл 2-8 жил хорих ял эдэлнэ” гэж заасан. Өнгөрсөн хавар энэ заалтыг эмч нар эсэргүүцэж удаа дараа жагсаал зохион байгуулсан/
Хоёрдугаарт, тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулахын тулд ямар боломж байна вэ гэдгийг гаргаж ирнэ. Өнөөгийн Монголын нөхцөл мэдээж хүнд байна. Энэ үед эдийн засаг хүнд хэмээн харж суух биш, нөхцөл боломж юу байна вэ гэдгийг харах нь чухал. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь өвчнийг урьдчилан сэргийлэх чиглэлд хандах хэрэгтэй. Өвчлөхөөр нэг зардал, урьдчилан сэргийлэхэд бас өөр зардал гарна. Энэ хоёрын хооронд их зөрүү бий. Тиймээс энэ чиглэлд анхаарна.
Нөгөөтэйгүүр яаралтай тусламж гэдэг чухал асуудал. Яаралтай тусламжийг богино хугацаанд, олон улсын стандартын дагуу үзүүлэхэд чиглүүлнэ. Яаралтай тусламж авч чадаагүйгээс хохирч, амь насаа алдах явдлыг 50 хувь бууруулна.
Мөн өнөөдөр болж буй “Эхийн сүүгээр хооллолт”-ын хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч ирж буй нь бас л тулгамдсан асуудлын нэг болсонд байгаа юм.
-Монголд нарийн мэргэшлийн олон мэс заслыг хийх боломжгүйгээс иргэд өвчтөнөө харсаар байж үхүүлэх үү, эсвэл өндөр төлбөртэйгөөр гадаад руу явж эмчлүүлэх үү гэдэг сонголтон дунд ч олон хүн байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Миний хувьд ажлаа аваад гурав дахь өдрөө явж байна. Иргэд маань гадаадын орнууд руу явж, өндөр төлбөртэй мэс засалд ордог явдлыг нухацтай, бодлогын түвшинд шийдэх ажил их байна. Нэгдүгээрт, монгол эмч нараа голмооргүй байна. Хоёрдугаарт, монгол эмч нар өөрсдөө сэтгэл гаргаж үйлчилмээр байна. Аль аль талдаа анхаарах шаардлага бий.
Тиймээс эрдэмтдийн баг гаргаж, эмч нараа салбар, салбараар нь мэргэшүүлнэ. Энэ тал дээр монгол эмч нарынхаа ур чадварыг ахиулж, хоёр талын харилцан итгэлцлийг хангаж ажиллах юм. Аливаа нэг зүйл хоёр талтай байдаг. Нэгдүгээгт, манай эрүүл мэндийн салбарын хувьд үйлчлүүлэгч гэдэг хүндтэй хүн. Гэхдээ үйлчлэгч, үйлчлүүлэгчийн соёл гэж байх ёстой. Бид эмчээ хүндэлж, эмнэлгээ дээдэлдэг олон жилийн уламжлалтай. Энэ уламжлал өнөөдөр доголдох асуудал ч бий. Тиймээс аль аль талыг нь бодолцож, анхаарч ажиллах нь чухал байна.
Б.ЗАЯА