Эхийн сүү орлогчийг хяналтгүйгээр импортолж байна

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Эхийн сүү орлогчийг хяналтгүйгээр импортолж байна

-Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг Япон, Герман, Голланд гээд 11 улсаас 165 төрлийг хяналтгүйгээр импортлон нярай хүүхдүүдэд өгч байгааг мэргэжилтнүүд хөндлөө-.

Дэлхийд эхийн сүүг юу ч орлошгүй. Ээжийнхээ мөөмнөөс барьж, ангир шаргал уургийг нь амтлах нь хамгийн дээд зэргийн хоол болдгийг эмч нар зөвлөсөөр байна. “Блю Скай” дээр өнөөдөр болсон “Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур” хэлэлцүүлгийн үеэр ч мэргэжилтнүүд энэ санаан дэр бат зогсч байлаа.

Гэвч жил ирэх тусам хотжиж, суурин амьдралын хэв маягт орсон монголчууд хүүхдээ эхийн сүүгээрээ зургаан сар хүртэл хооллох явдал эрс буурчээ. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байжээ. Харин энэ тоо 2013 онд 47 хувь болж буурч, үүнийг дагаад өвчин эмгэг, элдэв харшил, нярайн эндэгдэл хүртэл нэмэгдэх болсонд эмзэглэж байгаагаа эмч нар ярилаа.

Тиймээс Монгол Улс энэ асуудалд тодорхой эрхзүйн зохицуулалт хийж хяналт тавихаас аргагүйд хүрчээ. Уг нь Монгол Улс эхийн сүү орлуулагч бүтэгдэхүүний зах зээлийн зохицуулалтын тухай олон улсын хуулийг хэрэгжүүлдэг орны нэг. Гэвч хэрэгжилт хангалтгүй байдаг аж. Наад зах нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг Япон, Герман, Голланд гээд 11 улсаас 165 төрлийг хяналтгүйгээр импортлон нярай хүүхдүүдэд өгч байгааг ч мэргэжилтнүүд хөндөв. Мөн зар сурталчилгааг телевиз радиогоор хийж, фэйсбүүк дэх ээжүүдийн группээр баталгаагүй мэдээлэл явуулж борлуулах нь нэмэгджээ.

 

Тиймээс нэн тэргүүнд Монгол Улсын эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хуулийг гаргахаар хэлэлцэж эхэлсэн байна. Энэ хуульд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалт, зар сурталчилгаа гээд бүх талын зохицуулалт хийх аж. Зөвхөн дээрх хуулиас гадна Зар сурталчилгааны тухай хуульд ч эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэлт оруулахаар хэлэлцэж эхэлжээ.

 “Эхчүүд ажлын байрны төлөө хүүхдээ хөхнөөс гаргадаг”

Эхчүүдийн дунд судалгаа явуулахад хүүхдээ хөхнөөс нь эрт гаргадаг нэн тэргүүний шалтгаан нь ажлаа алдахгүйн тулд гэж хариулжээ. Ажилдаа хурдан орж хүүхдээ тэжээх, түргэн хугацаанд эргэн мэргэшиж, туршлагажих, албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд хүүхдээ хөхнөөс нь эрт гаргадаг гэсэн байна. Харин дараагийн хариулт нь сүү муутай тул давхар бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай гэжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд охидууд “Хөх унжина, биеийн харьцаа алдагдана” гэх шалтгаанаар хүүхдээ эрт хөхнөөс нь гаргах, эсвэл бүр хөхүүлэхгүй тохиолдол ч нэмэгдсэн байна. Мөн фэйсбүүк, твиттерээр ээжүүдийн группт баталгаагүй, худал мэдээлэл, зар сурталчилгаанд итгэсэн нь ч харагджээ. Гол нь “Эхийн сүүг 100 хувь орлоно” гэх сурталчилгаанд хууртдаг байна. Тиймээс мэргэжилтнүүд “Эх үрийн нандин холбоо, эхийн сүүг орлох зүйл хэзээ ч байхгүй” гэдгийг онцлон санууллаа.  

“Улаанбурхнаар өвчлөгсдийн дийлэнх нь эхийн сүү дутагдсан”

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдийн дунд судалгаа явуулжээ. Гэтэл өвчилсөн хүүхдийн дийлэнх нь зургаа хүртэлх сартай хүүхэд, мөн эхийн сүүгээр дагнан хооллоогүй гэх дүн гарсан байна. Мөн эхийн сүүгээр дутагдсан хүүхэд элдэв өвчлөл, ялангуяа харшилтай болох нь нэмэгджээ.

  • Хөхний сүү хүүхдийн бие махбодид хэрэгцээтэй, шингэхэд тохиромжтой уураг болон өөх тос, дархлааны фактор, даавар болон фермент агуулдаг учраас хүүхдийг харшил, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг юугаар ч орлуулашгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг. Ингэснээр уушигны хатгалгаагаар өвчлөх эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.
  • Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг. Оюун ухааны хөгжил нь сурлагын амжилтад шууд нөлөөлдөг.
  • Хүүхдээ эхийн сүүгээр хооллосноор жил тутам 20,000 эмэгтэй хөхний хорт хавдрын улмаас эндэхээс сэргийлэх боломжтой.
  • Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр эмэгтэйчүүдийн дунд чихрийн шижин болон өндгөвчний хорт хавдрын өвчлөлийг бууруулдаг

 

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж