УИХ-ын гишүүд ХОМ-ээ 100 хувь мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд ХОМ-ээ 100 хувь мэдүүлжээ

УИХ-д сонгогдсон 76 гишүүн хуульд заасан хугацаанд багтаан 100 хувь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж, бүртгүүлжээ.

Хуульд зааснаар УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлыг сонгох сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон, мөн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын гишүүнээр сонгогдсон төлөөлөгч нь 30 хоногийн дотор багтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй байдаг юм. Энэхүү хуулийн хугацаа парламентад сонгогдсон гишүүдийн хувьд 2016 оны наймдугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон юм.

Авлигын эсрэг хуульд зааснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байх ёстой. Иймээс тус газар нь дээрх мэдүүлгийг http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.

Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх юм. Энэ хугацаа нь аймаг бүрт харилцан адилгүй байгаа тул хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар Авлигатай тэмцэх газраас зөвлөмж, чиглэл хүргүүлж хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж