Гол уснаас болгоомжлохыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Гол уснаас болгоомжлохыг анхааруулав

Иргэдийг амралт зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. Амралт зугаалгаар явахдаа гол усанд осолдож амь насаа алдах харамсалтай хэргүүд гарсаар байгаа юм.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Гурван ёл нэртэй газар орших Онон голд Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б осолджээ. Талийгаач нь усанд ороод амиа алдсан байна. Аймгийн Онцгой байдлын аврагчид эрэл хайгуулж хийсээр цогцсыг нь анх осолдсон газраас 23 км-т Цээнтээ гэдэг газраас олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Нарийн бургас гэдэг газар иргэн П /39 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд осолдсон тухай дуудлагыг өчигдөр/2016.08.03/ 13:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирж, 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, голоос цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Ингэт толгойн ар гэдэг газар Орхон аймгийн харьяат Б /16 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голын усанд сэлж байгаад осолдсон тухай дуудлага өчигдөр /2016.08.03/ 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, 12 албан хаагч, 2 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн дүнд тухайн өдрийн 20:41 цагт анх осолдсон газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн Өнөр амралтын газрын харалдаа Туул голд иргэн Н /20 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлага өчигдөр /2016.08.03/ 20:20 цагт Нийслэлийн Аврах ангид ирж, 6 албан хаагч, 1 автомашин, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашин, нийт 19 албан хаагч, 2 техник хэрэгсэл, 2 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Цогцсыг өнөөдөр 07:15 цагт анх осолдсон газраас 20 м-ийн зайд олж дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэгийн хөндий гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг өчигдөр /2016.08.03/ 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж