Таксины мөнгөгүйгээс цагдаад хуурамч дуудлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Таксины мөнгөгүйгээс цагдаад хуурамч дуудлага өгчээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ:

  • Жил ирэх тусам хотжиж, суурин амьдралын хэв маягт орсон монголчууд хүүхдээ эхийн сүүгээрээ зургаан сар хүртэл хооллох явдал эрс буурчээ. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байжээ. Харин энэ тоо 2013 онд 47 хувь болж буурч, үүнийг дагаад өвчин эмгэг, элдэв харшил, нярайн эндэгдэл хүртэл нэмэгдэх болсонд эмзэглэж байгаагаа эмч нар ярилаа.

Тиймээс Монгол Улс энэ асуудалд тодорхой эрхзүйн зохицуулалт хийж хяналт тавихаас аргагүйд хүрчээ.


  • УИХ-ын анхдугаар чуулганыг өчигдөр өндөрлүүллээ. Анхдугаар чуулганыг хаахын өмнө УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга сонгогдож, байнгын хороодыг байгуулж удирдлагыг сонголоо.

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ парламент нь 2000 оноос хойш хамгийн богино хугацаанд хуралдаж шинэ Засгийн газрыг байгуулсан байна. Засгийн газар шуурхай ажиллаж, мөрийн хөтөлбөрийг боловсруулах шаардлагатай байна.

ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлаар иргэдээс санал гомдол их ирж байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан, яаралтай УИХ-д тайлагнах ёстой. УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүлж байна” гэлээ.


  • Сүхбаатар аймагт нийт 52 гол горхи, 300 гаруй булаг шанд, 120 гаруй нуур цөөрөм бий гэсэн тоон судалгаа байдаг. Гэтэл 2014 оны усны тооллогоор гурван гол 30 гаруй нуур цөөрөм, 50 гаруй булаг шанд нь ширгэсэн гэх дүн гарчээ. Байгаль цаг уурын нөхцөл байдал нөлөөлж байгаа хэдий ч үүний дийлэнх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн гэж Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга хэвлэлд онцолжээ. 

  • Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Зуны Олимпийн XXXI наадам болно. Тус наадамд манай улсаас 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх юм. Монголын баг тамирчид 1964 оноос хойш 13 дахь удаагаа Зуны спортын наадамд оролцох гэж байна. Тэгвэл Монголын багийн тугчаар жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэн сонгогдсон. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр +100 кг-ын жинд барилдах юм.

  • “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна.

  • Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд энэ жил хоёр дахь удаагаа “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэнг өчигдөр / 2016.08.03/ зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 48 аж ахуйн нэгж эко эрчим хүч, эко цахилгаан дулаан, эко тээвэр, эко үйлдвэрлэл гэсэн дөрвөн сэдвээр бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Үзэсгэлэнг сонирхохоор Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд 20 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.


  • “Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг Шархадны эцэс дээр хар масктай, 20 гаруй насны гурван хүн хойноос хутга тулгаад бичиг баримт, 180 мянган төгрөгтэй бор хэтэвчийг дээрэмдээд зугтлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад уг дуудлага нь хуурамч байсан бөгөөд таксины мөнгөгүй тул цагдаагаар хүргүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад зориуд худал мэдээлэл өгсөн байжээ.

  • Энэ жилд мөнгө гэх металлын үнэ 49 хувиар нэмэгдэж, улам ч өсөх хандлагатай байна.

Тугалга, зэс, алт зэргийн металл олборлоход дагалдагч материал нь мөнгө болдог. Мөнгө үйлдвэрлэлийн жилийн дундаж нь жилдээ 671 сая унци болдог байна. Сүүлийн 10 жилийн дотор мөнгөний саналаас эрэлт нь давсан бөгөөд тэр нь улам бүр өссөөр байна.

Сүүлийн 10 жилийн дотор мөнгөний олборлолт 2,4 хувиар унасан дүнг энэ жил харуулж байна гэж түүхий эдийн судалгаа, консалтингийн CPM Group кмпани мэдээлэв. Харин энэ үеэр мөнгөний эрэлт 1,6 хувиар нэмэгдлээ гэж мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж