УИХ-ын дарга Д.Дэмбэрэл наадмын эхний өдөр цайвар цэнхэр өнгийн торгон дээлтэй наадамласан бол хоёр дахь өдөр нь бор өнгө болгож, өөрчлөв. Дээлийн өнгөтэйгээ зохицуулаад бор хүрээтэй, шаргал өнгийн шляпан малгай өмслөө. Гэргий н.Долгорсүрэн нь наадмын эхний өдөр цагаан өнгийн, хоёр дахь өдөр нь улаан торгон өнгийн дээлээр гоёж үдэш болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд саарал өнгийн даавуун дээл, мөн өнгөтэй шлюпан малгайгаар гангарсан бол гэргий Х.Отгонтуяа нь мэдрэмж зааж, ижил өнгийн дээл өмсч, наадамчин олны харааг булаасан юм.
Хэдэн жилийн өмнө төрийн түшээд торго голдуу материалаар дээлээ урлуулдаг байсан бол хоёр жилийн өмнөөс эхлүүлээд аль болох даруухан өнгө, тэр дундаа сайн чанарын даавуу материалаар хийсэн дээл өмсөхийг илүүд үзэх болсон билээ. Хоёр жилийн өмнөх моод өнөө ч байр сууриа алдаагүй байна.