Микро автобусгүй хот болсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Микро автобусгүй хот болсон уу?

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 210 гаруй микро автобусны 171-ынх нь насжилтын хугацаа дууссанаар наймдугаар сарын 1-ээс явуулахааргүй болсон. Эл шийдвэр хэрэгжиж эхэлсэн эсэхийг тольдохоор өчигдөр /2016.08.03/ автобусны буудлыг зорив.

Нийслэлийн гудамж талбайд микро автобусны тоо эрс буурчээ. Ихэнх автобусны буудал цэлийж харагдана. Ялангуяа микро автобус ихээр цуглардаг “Бөмбөгөр” худалдааны төв, Саппорогийн урд талбайд жижиг суудлын тэргээс өөр машингүй болжээ.

Гэхдээ журам хэрэгжсэн эхний хоёр өдөр үйлчилгээнээс хасагдсан микронууд хулгайгаар явсан байна. Авто тээврийн байцаагчид тэдэнд торгууль шийтгэл ногдуулаагүй нь харж үзсэнийх бололтой. Харин өчигдрөөс насжилт дууссан микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд торгох заалт хэрэгжээд эхэлсэн байна.

Байцаагч Ц.Бямбын хэлснээр хяналтын явцад микро автобус эрс цөөрсөн ч “нүдийг нь хариулан” хулгайгаар явах микро автобус цөөнгүй байгаа аж. Ялангуяа Ханын материал, Шар хадны чиглэлд насжилт дууссан микронууд хулгайгаар явах тохиолдол мэр сэр гарчээ. Өчигдөр л гэхэд Баян бүрдийн автобусны буудлын урд, хойд буудлуудад 2-3 микро автобус үйлчилгээнд гарч байгаатай таарсан юм.

Үйлчилгээнээс хасагдсан микро автобусны жолооч хулгайгаар үйлчилгээ эрхэлбэл Авто тээврийн тухай хуулийн 23.1.4-ийн дагуу 5-30 мянган төгрөгөөр торгоно.

Нийслэлийн тээврийн газрынхны мэдээлж буйгаар 171 микро автобус үйлчилгээнээс хасагдаж, 45 нь үлдэнэ. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэр хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд иргэдэд хүрч, үйлчилж байна.

Насжилт нь дуусаж, зорчигчийн аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон микро автобусны оронд эхний ээлжинд БНХАУ-аас 10 гаруй дунд оврын автобус оруулж ирнэ гэж мэдээлсэн. Гэвч одоогоор дээрх автобус орж ирээгүй, микро автобусын үйлчилж байсан маршрут руу нөхөлтөөр автобус явуулаагүй байгаа юм.

Нийслэлийн Тээврийн газрын мэдээлснээр аль чиглэлд ямар байдлаар явуулах вэ гэдгээ тохиролцсоны дүнд үйлчилгээнд нэвтрүүлнэ гэлээ.

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготойгоор хийж эхэлсэн дээрх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоор давхилдах микробусны тоо цөөрсөн ч орлох тээврийн хэрэгслийг орой үдшийн цагаар нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахгүй бол гэр хорооллынхон харанхуй шөнөөр хөл дүүжлэх унаагүй зутарч мэдэхээр л байна.

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж