Stella McCartney, Lacoste, Christian Louboutin ба бусад нь.
Дизайнерууд спортод дуртайгаа тамирчдад зориулан бүтээсэн хувцсаараа харуулдаг. Олимпийн тамирчдын дүрэмт хувцас нь угийн алдартай тамирчдыг алсаас тодруулж өгнө. Тэднийг улам ганган болгодог дизайнерүүдийн бүтээлтэй танилцъя.
Stella McCartney Их Британийн олимпийн шигшээгийн төлөө
Стелла Маккартни adidas брэндийн хамт Британийн тамирчдыг нэг биш удаа хувцаслаж иржээ. Риогийн олимпийн тамирчдын хувцсыг алдартай дизайнер бүсгүй өндөр технологийн материалаар бүтээжээ. Хувцсанд ихээхэн хэмжээний неопрен ба синтетик оржээ. Стеллагийн дизайнгүйгээр хувцас ийм ганган харагдахгүй л байсан. Алдартай тамирчид Жессика Эннис-Хилл, Эмили Скаррат хоёр загваруудыг үзүүллээ.
Lacoste Францын шигшээгийн төлөө
Агуу теннисчиний үндэслэсэн Lacoste ордон хоёр дахь удаагаа Францын шигээ багийг хувцаслав. Эхлээд тэд Сочийн өвлийн олимпоор францчуудыг гоёсон юм. Уг ордны уран сайхны захирал Филипе Оливейра Баптиста ордныхоо уламжлалыг тамирчдын дүрэмт хувцсанд шингээсэн. Загваруудыг Lacoste нэрийн барааны дэлгүүрт тавдугаар сараас худалдаад эхэлсэн.
Christian Louboutin Кубын шигшээгийн төлөө
Түүний шүтээн болсон улаан ул, өндөр шпилька өсгий аль эртнээс дэлхийд алдартай. Кубын шигшээ багийнханд энэ удаа бүгдэд өндөр сэтгэгдэлтэй үлдэх боломж байна. Эрх чөлөөний арлын далбааны өнгийн хослол загваруудад маш дэгжин харагдав. Алдартай дизайнер тамирчдыг хөлөөс нь толгойг нь хүртэл хувцаслав. Улаан хүрэн хүрэм нь олон халаастай, загварлаг бермут, кюлетууд, цав цагаан цамц, дэгжин кет шаахайнууд, таван хошууны зурагтай задгай шаахай ёстой гоё харагдаж байгаа.
Dsquared2 Канадын шигшээгийн төлөө
Канадын тамирчдын хувцасны дизайн дээр ихэр ах дүү Дэн ба Дин Кейтонууд ажиллав. Тэдэнтэй Hudson’s Bay их дэлгүүр хамтарлаа. Дизайнерүүд бусад багийнхаас өөр зүйлийг хайсан нь илт. Үнэхээр загварлаг хувцаснуудыг тэд бүтээж чаджээ. Зүгээр гэмээр хар өмд нь гэхэд л өнөөгийн загварын шинэ тренд юм.
Ralph Lauren АНУ-ын шигшээгийн төлөө
АНУ-ын тамирчдын ёслолын хувцасны загварыг Ralph Lauren бүтээсэн юм. Энэ хувцсаар америкчууд Риогийн наадмын нээлт ба хаалт дээр гангарах юм. Эх оронч сэтгэлгээний улмаас бүх хувцсыг АНУ-д бүтээж бэлэн болгожээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР